Saturday, May 1, 2010

Хувийн зохион байгуулалт хэмээх сүржин гарчиг

Америкт ирээд 6 жил боллоо гэж би түрүүчийн блогтоо дурдсан билээ. Энэ хугацаанд хийж амжуулсан нэг зүйл маань гэвэл мужийн улсын их сургуульд мастерийн зэрэг хамгаалсан явдал юм. Хэцүү байсан гэж хэлэхгүй ч амар байгаагүй ээ. За энэ нь тэгээд олон хүчин зүйлтэй холбоотой байх л даа, хамгийн наад зах нь эндхийн сургалтын систем нь Монголынхоос тэс ондоо болохоор дөнгөж ирэнгүүтээ сурсан надад бол анхандаа их төвөгтэй юм шиг санагддаг байлаа. Жижигхэн зүйл дээр төөрөлдөж, өөртөө яршиг төвөг удаж, сэтгэлээр унаж байсан тохиолдол алийг тэр гэхэв дээ.

Ингэж сурч байх үед унших зүйл маш ихтэй, хажуугаар нь бас янз бүрийн судалгааны ажил, paper бичих гээд, дээрээс нь орчин нөхцөлтэйгөө танилцах, хүмүүстэй ойлголцох, ядаж л гэрээ төөрөхгүй олохоос авхуулаад ер нь л их дарамттай байсан санагддаг юм. Өөрөө бол соёлын шоконд орсон гэж бодоогүй ч эргээд бодоход яг л тийм байсан юм билээ.

Дээрээс нь энэ хуваарийн хажуугаар бас би өөрөө их төрөл бүрийн зүйл рүү савсаганадаг, сонирхдог зантай болохоор бүр ч өөрийгөө lost болгочихож байгаа юм. Америкад ирснийх сэлж сурмаар ч юм шиг, төгөлдөр хуур дарж сурмаар ч болж байх шиг, гоё хоол хийдэг болмоор ч юм шиг, тэгснээ англиар төгс ярьж сурах зорилго ч тавьж байх шиг. За тэгээд л гадуур явж юм үзмээр, найзуудтайгаа гармаар, за тэгээд л gym-д явж, хүссэнээрээ турмаар ч байх шиг, хажуугаар нь бас ажил хийж, мөнгө олмоор байдаг гэх мэт энэ их олон ажил, хүсэл, зорилго дунд би өөрөө жинхэнээсээ lost амьтан болно биз дээ. Гэхдээ энэ байдлаа бүрэн шийдсэн гэж хэлэхгүй ч хэрхэн шийдэж байсан, байгаа аргаасаа хуваалцвал бас хэн нэгэнд тустай юм болов уу л гэж бодсон юм. Учир нь энэ олон хүсэл ганц надад биш, ихэнх хүмүүст байдаг юм байна гэдэг нь бас олзуурхууштай юм даа.

Олон хичээл зэрэг авах үед маш олон чухал deadline-уудыг бичих тэмдэглэх, санах шаардлагатай болдгийг оюутан байсан хүмүүс юу эс андахав. Ингэж тэмдэглэж байнга шалгахгүй бол аймаар хэцүү байдалд орно шүү дээ. Уг нь Монголд ажил хийдэг байхдаа бол календартай дэвтэр хөтлөөд явчихдаг байсан ба тэр нь ажлын онцлогод яг тохирч байсан юм. Харин Америкт оюутан болсноор би ажлын хувиараа өдрөөр эсвэл долоо хоногоор биш, харин улирлаар нэг мөсөн харах хэрэгтэй болсон юм. Тэр үед би үүнийгээ яаж шийдсэн бэ гэхлээр шууд цагаан цаасан дээр улирлынхаа саруудыг өдөртэй нь бичээд /нэг ёсны календарь хийж байгаа юм л даа/ тэр цаасан дээрээ хичээлтэй өдрүүдээ шараар тодруулаад, харин шалгалттай болон paper өгөх ёстой өдрөө болохоор улаанаар тэмдэглээд шаардлагатай бол дээр нь тэмдэглэгэээ бичдэг байсан юм. Тэгээд л бичгийн ширээнийхээ ард хадчихдаг байсан, энэ нь надад ямар ч орчин үеийн технологоос илүүтэй тус болдог байсан юм. Энэ аргаа бол би мастерийн сургалтаа дуустал нь ашигласан.

Харин өнөөдрийн тухайд бол арай өөр л дөө. Яахав, миний нөгөө олон хүсэл, мөрөөдөл, сониуч зан маань огт алга болоогүй, харин ч зарим нь илүүтэй хөгжсан байж ч мэдэх юм. Тэгэхээр нөгөө хувийн зохион байгуулалт, календарийн хөтлөлт маань бас л надтайгаа цуг байх л хэрэгтэй болж байгаа юм л даа. Одоо харин би юу хэрэглэж байна вэ гэхлээр гүүглийн календар. Gmail-ийн account-тай бол шууд календарь луу нь ороод чухал өдрүүдээ тэмдэглээд л шууд хэвлээд авахад аймаар амар юм байна лээ. Оюутан байхдаа үүнийг мэддэг байсан өчнөөн амар байхгүй юу. Миний нөгөө цаасан дээр өөрөө хийдэг календарийг маань л ийм хялбараар хийх боломж байна л даа. Одоо бол миний ширээний ард чухал өдрүүдээ тэмдэглэсэн календар өлгөөтай байна даа. Ингээд та бүхэн бас хувийн зохион байгуулалтаа хэрхэн хийдгээ хуваалцвал баяртай байна санж.

2 comments:

  1. Hi, saihan bichleguud bn aa, bugdiig ni unshlaa, turuuchiiin blogtoo geh yum, bichleg gevel iluu tohiromjtoi, buh bichleguud chin niileed l ene blog chin uusch baigaam shu de.

    ReplyDelete
  2. Зургийг нь хармааар бдаг...

    ReplyDelete