Thursday, May 13, 2010

Миний анд – Straight “A” student

Монголд байхдаа нэгэн их сургуульд сурч байлаа. Тэр үед надад нэг найз байдаг байсан юм, түүнийгээ би “Я” гээд нэрлэчихье. “Я” маань манай ангийн төдийгүй, манай сургуулийн тэргүүн оюутан байлаа. Угаасаа түүний гадна төрх ч тэр, биеэ авч явах байдал ч тэрийгээ илтгэдэг, нэг их том хар хүрээтэй нүдний шил зүүсэн, номын сангаас салдаггүй нөхөр байсан юм.

Харин миний тухайд тийм байгаагүй ээ, байдаг л нэгэн байсан. 10 жилийн ахлах ангийн сурагч байхдаа дээд сургуульд орвол миний амьдрал болоод явчихна гэж ойлгосон. Тэгээд ч тэрнийхээ төлөө нэг хэсэг нойр хоолгүй суусан даа, үр дүн нь гарч гайгүй сургуульд орсоон, орсон. Миний амьдралын хамгийн баярт мөчүүдийн нэг л дээ. Тэгээд яахав, хүссэн юмандаа орсон хүн чинь санаа амардаг юм байна, дээрээс нь хэрхэн, яаж сурах талаар ямар нэг ойлголт, чиглэл, туршлага, зааваргүй хүн чинь дураараа дургина биз дээ.

Дээд сургуульд явахад ээж маань нэг л үгийг учиргүй их захиж байсан юм. За “Охин минь, сургуулиа төгсөтлөө хүнтэй сууж, хүүхэд гаргаж болохгүй шүү” гэж мөн ч олон удаа захьсан даа. Ерөөсөө дээд сургуульд сурахад надад нэг л заавар ирсэн, тэр нь энэ. Тэгэхээр ганц анхаарах ёстой юм бол энэ юм байна гээд ойлгочихож байгаа юм. Бодвол өсвөр насандаа банди нартай их нийлдэг байсантэй холбоотой байж ч мэдэх юм. Тэгээд яахав, ээжийн захиасыг биелүүлсэн дээ. Мэдээж, залуу халуун нас, сонирхоно, шохоорхоно, таалагдана, юм юм байна ш дээ, гэхдийн ээжийн энэ захиас зүрхэнд аймаар гүн хадагдсан юм шиг байгаа юм. Юун хүнтэй суух, хүүхэд гаргах, хүнтэй ч дорвитой үерхээгүй ш дээ. Харамсмаар ч юм шиг.

За тэр яахав. Манай их сургуулийн ангийн нөгөө “Я”, түүнийхээ тухай бичих гэж байгаад л хадуурчих юмаа, би гэж хүн. Тэр бид хоёр хоёрдугаар курсээсээ оюутны байрны нэг өрөөнд амьдардаг болов оо. Би гэж хүн бол нэгдүгээр курстээ бол өөртөө л танхай явлаа, юу вэ гэхлээр хичээл хийхгүй, болох болохгүй хүмүүстэй нийлж, дандаа наргина, хичээлдээ хоцроно. Гэхдээ тэр амьдралын хэв маяг надад нэг л таалагдахгүй байсан юм. Нөгөө нийлдэг журмын нөхөдтэй цагийг өнгөрөөх бол зугаатай л даа, даанч нөгөө хичээл, даалгавар, дүн гэх мэт зүйл чинь хөөрхөн толгойны өвчин болно ш дээ. Тэгээд номын санд бас хааяа суух гэж, биеэ дайчлах гэж оролдоно ш дээ, журмын нөхөд маань элдвээр гоочлохоор бас сайн тэгж явж чадахгүй ээ. Эндээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхлээр ерөөсөө би орчноо өөрчлөхгүйгээр юунд ч хүрэхгүй юм байна гэдэг нь тодорхой болж байгаа юм.

Ингээд л нөгөө “Я”-тай гэртээ ч цуг, анги дээр ч цугтаа. Тэр маань яахав, сурахын төлөө төрсөн хүн юм болохоор яс л сурч байна. Би амьдралдаа тэгж хичээл хийдэг хүн одоо ч хараагүй, аймаар, бүр биеэ өвдтөл сууна. Тэгээд юу гэдэг гээч, “Одоо ингээд 20 ч билүү, 30 минут унтчихвал л зүгээр болчихно” гэнэ, тэгээд яг сэрүүлэгтэй юм шиг хэлсэн цагтаа унтаад босоод ирнэ. Босч ирээд, үргэлжлүүлээд сууна. Юу вэ, би бол ангайж байгаа юм чинь, би бүр үнэхээр гайхдаг байсан, энэ хүний ингэж сурах сэдэл нь юу вэ гэдэг миний хувьд оньсого байлаа.

Гэхдээ “Я”-г эргээд бодоход тэр маань тодорхой түвшинд сурах арга барилыг эзэмшсэн хүн байсан юм байна гэдгийг бол харж байгаа юм. Нэгдүгээрт, түүнд хөтөч байж, түүний аав нь багш хүн байсан бөгөөд байнга охиндоо урт захидал илгээдэг байсан юм. Би уншиж байгаагүй л дээ, гэхдээ л охиндоо яаж сурах талаар их зөвлөдөг байсан санагддаг. Хоёрдугаарт, түүнд хүүхэд байхаас төлөвшсөн хичээл хийх, зуршил хүмүүжил байсан юм. Тэрээр над шиг би яагаад үүнийг хийх ёстой юм, үүнийг хийх миний амьдралд ямар хэрэгтэй юм гэх зэрэг олон юм огт боддоггүй,алмайрдаггүй, хойшлуулдаггүй, шууд л төвлөрдөг, хийдэг тийм л оюутан байсан даа. Одоо ч байгаа даа, одоо найз маань Японд мастер хийж байгаа.

Тийм оюутны хажууд байхаар хүн дагадаг л юм билээ. Миний нөгөө нэгдүгээр курсдээ арай ядан авч байсан B, заримдаа C ч авах үе бишгүй байсан, хоёрдугаар курсээс шууд онц болсон шүү дээ. Би аймаар тод санадаг юм, хоёрдугаар курсийн эхний улирлаар /семестр юм даа/ онц гарч, өөртөө их баярлаж урамтай байж билээ. Бас Бурхан болсон аавдаа хэлсэн амандаа хүрсэндээ бүр ч их баяртай байсан даа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхлээр орчин бүрдвэл хүн хийдэг юм билээ гэж.

Нээрээ дараагийн блогтоо эрхэм анд “Я”-гийхаа англи хэлний үндсэн цагуудыг хэрхэн ойлгож, тогтоож байсан аргаас нь хуваалцана аа. Түүнээс сурсан хамгийн гол зүйлийн нэг. Манай нөгөө олон “хөөрхөн” амбицтай нөхөрт ч хэрэгтэй байх. Дандаа л цаг дээр төөрөөд байна гэж яриад байдаг юм. Танд ч бас хэрэгтэй байх.

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Энэ талаараа, Сурсан арга барилаасаа илүү их хуваалцаач??

    ReplyDelete