Monday, May 24, 2010

94-тэй эмэгтэй их сургуулийн диплом гардан авлаа

Ахдаа зориулав :) !

Саяхан yahoo-гийн мэдээнээс санаандгүй их гоё юм уншаад та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Америкчууд “it is better late than never” гэж ярьдаг. Энэ нь хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр гэсэн утгатай үг л дээ. Үнэхээр энэ үгийг батлах мэт Калифорни мужийн Оакланд хотын оршин суугч 94 настай Хазел Сорес нь Оакланд хотын эмэгтэйчүүдийн сургууль болох Миллс Коллежийн 500 төгсөгчийн нэг нь байж, төгсөлтийн баярын үеэр дипломоо гардан авчээ. Дээрх зурган дээр 94 настай Hazel Soares ангийнхантайгаа төгсөлтийн баярын өмнө зургаа авхуулж байгаа нь юм.

“Үүнд хүрэхэд надад нэлээд цаг шаардагдлаа, учир нь би дэндүү завгүй амьдралтай байлаа. Эцсийн дүндээ хүссэндээ хүрсэндээ би сэтгэл хангалуун байна” хэмээн тэр хэлжээ. Сорес нь зургаан хүүхэдтэй, дөч гаруй ач гучтай тэрээр коллеж төгссөн хамгийн настай хүмүүсээс дэлхийд хоёрт орж байгаа ажээ.

Харин Канзас мужийн Нола Очс нь Форт Хэйсийн Улсын Их Сургуульд одоогоос гурванжилийн өмнө буюу 95 тайдаа элсэн орсон нь Геннисийн номд бүртгэгджээ. Тэрээр одоо 98тай ба саяхан мастерийн зэргээ хүртэхдээ шилдэг оюутнуудын тоонд оржээ.

Сорес нь Калифорни мужийн Ричмонд хотод 1915 онд төрсөн ба ахлах сургуулиа 1932 онд төгссөний дараа коллежид сургуульд сурахыг хүссэн боловч их хямралын үе таарсан тул чадаагүй ажээ. “Хэн нэгэн чамд туслахгүй л бол коллежид сурна гэдэг боломжгүй зүйл байлаа. Гэхдээ би сурах хүслээ хэзээ ч алдаагүй” хэмээн Сорес хэлжээ.
Сорес хоёр удаа гэрлэж, зургаан хүүхэд өсгөсөн ба тэтгэвэрт гарахаас өмнө сувилагч, зохион байгуулагчийн ажил хийж байжээ. Түүний бага охин Режина нь “Бид ээжийгээ гайхаж, бас түүгээр бахархаж байна” хэмээгээд “Эндээс сурсан хамгийн том зүйл бол сурахад хэзээ ч оройтдоггүйг ухаарсан явдал юм” гэжээ.

Сорес нэгэнт бакалаврын зэргээ авсан тул амрах төлөвлөгөөгүй байгаа ба Сан Франциско хотын музейд ажиллахыг хүсч байгаа ажээ. Түүний туршлагаас бусад хүмүүс суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг ойлгоосой гэж тэр хүсч байгаа ажээ. “Яагаад буцаад коллежид сурч болохгүй гэж? Зарим хүмүүс дэндүү оройтсон, эсвэл дэндүү хэцүү гэсэн шалтгаанаар бууж өгдөг, эсвэл хойшлуулдаг. Гэтэл яг сураад эхлэхэд сургуульд сурах нь үнэхээр хөгжилтэй, сайхан зүйл гэдгийг тэд мэдэхгүй байж мэдэх юм” хэмээн манай нийтлэлийн баатар хэлжээ.

3 comments:

  1. Та ахыгаа ямар мэргэжлээр сургах гээв?

    ReplyDelete
  2. Hehe, medehgui ee, ter uuruu bi oroitson geed surah durgui, tegeed l shuud busaar messege damjuulsan yum.

    ReplyDelete
  3. Good job naizaa...sonirholtoi medeelel oruulj busdad inspiration bolj baigaad chini bayarlaj baidag shuu!

    ReplyDelete