Saturday, May 15, 2010

Гайхамшигийн туйл: Ранди Поосч багш

Last lecture” хэмээх лекцээрээ хоёр жилийн өмнө youtube sensation болж байсан Randy Pausch (10/23/1960-07/25/2008) хэмээх нэгэн эрхэм хүний лекцийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Магадгүй, энэ хүний талаар сонссон мэдсэн нэгэн байхад мэдээгүй, сонсоогүй нь бас олонтоо бий болов уу гэсэн үүднээс үүнийг толилуулж байна.

Тэрээр Carnegie Mellon University ийн компьютер, график дизайны багш байсан ба 2006 оны 6 дугаар сард нойр булчирхайн хавдараар өвдсөнөө мэдсэн юм. Тэрээр 2007 оны 9 сарын 18нд “Сүүлчийн лекц: Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөлд хүрэх нь” нэртэй лекцийг сургууль дээрээ тавьсан ба энэхүү лекц нь youtube дээр тавигдан олны анхаарал татаж, улмаар олон тооны телевизийн нэвтрүүлгүүдэд уригдаж оролцож байсан юм. Дараа нь тэрээр “Сүүлчийн лекц” нэртэй ном хэвлүүлэн гаргасан нь New York Times bestseller /хамгийн их зарагдсан ном/ болсон юм. Тэрээр миний амьдралдаа харсан ховорхон өөдрөг, гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Түүнийх шиг амьдралд хандах хандлага, хөдөлмөр, замаар ямар ч хүн хүссэндээ хүрч, гайхалтай амьдралыг цогцлоож болно гэдгийг тэрээр өөрийн амьдралаар тод харуулсан ба энэ талаар лекцэндээ тодорхой өгүүлдэг. Энэ бүхэн дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь энэ багшийн амьдрал үхлийн ирмэгт ирчихсэн байхад хүртэл өөдрөг чанараа алдалгүй, харин ч хүмүүст амьдралын үнэ цэнэ, сайн сайхныг лекцлээд зогсож чадаж байгаа нь тэр чигээрээ гайхамшиг санагдсаныг нуух юун. Энэхүү лекцаас та бүхэн маш их урам зориг авна гэдэгт би ихэд итгэлтэй байна. Ранди багш нойр булчирхайн өвчний улмаас 2008 оны 7 сарын 25нд таалал төгссөн юм.

Би доорх лекцийг товчилж орчуулж тавихыг бодсон боловч арай л дэндүү эрт, сунжирсан ажил болох төлөвтэй. Аягүй бол бүр тавихгүй байдалд ч хүрч мэдэх тул шууд subtitleтай бичлэгийг олж тавьлаа. Яг үнэндээ subtitle-тай англи нэвтрүүлэг, кино үзэх нь хэлээ сайжруулах, ялангуяа сонсох чадвараа хөгжүүлэхэд тустай аргуудын нэг билээ. Нэгэн зүйлийг сануулж хэлэхэд доох видеог үзэхдээ мэдэхгүй үг бүрийг бичиж авах, орчуулахаас аль болох татгалзаарай. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа юу вэ гэхлээр нэг мөсөн дайрах хандлагатай байдаг буюу мэдэхгүй үгийнхээ хэдэн хуудас жагсаалтыг гаргадаг. Ингээд тэрийгээ толь бичгээс харах нь бий, харахгүй орхих нь ч бий. Энэ нь нөгөөх л сурах аргыг эзэмшээгүйтэй холбоотой билээ.

Үгийн түвшинд анхаарахаасаа илүү, ерөнхий утганд анхаарлаа хандуулж, байнга давтагдаж байгаа эсвэл тухайн ярианы хэсгийн гол утгыг тээж байгаа үгийг өгөгдсөн зайд тэмдэглэж аваад, видеог үзсэнийхээ дараа толь бичгээс хараарай. Үүний дараа дахин үзэхэд таны ойлголтын түвшин урьдахаасаа нэмэгдсэн байх нь гарцаагүй. Ийм байдлаар системтэй, нэг үзсэн зүйлээ дахин дахин үзэж, урд үзсэн мэдэх үгээ орхиж, шинэ үгийг тэмдэглэн авбаас зүгээр нэг үзсэнээс илүү үр дүнтэй байх болно. Харин нэг удаа үзэхдээ шинэ үгийн тоогоо 15-20 үгээс бүү хэтрүүлээрэй. Дахин хэлэхэд шинэ үг тань олон давтагдаж байгаа гол үгсийн жагсаалт байх ёстой. Яг үнэндээ IBT болон бусад төрлийн англи хэлний шалгалтууд дээр уншихад ч, сонсоход ч guess буюу таах, контекстоос нь тааж ойлгох чадварыг ихэд шаарддаг билээ. Иймд мэдэж байгаа үгэн дээрээ үндэслэн таах чадвараа сайжруулах дасгал гэж ойлгон бусад үгсийг орхиорой.

Магадгүй, үүнийг сурагч болон оюутнууд уншиж байгаа ба видеог англиар ойлгоход төвөгтэй байвал англи хэлний багшдаа санал тавьж, англи хэлний хичээлийнхээ хэсэг болгож, үзэхэд буруудах зүйл огт байхгүй билээ. За ингээд олон үгээ орхиё.

Та бүхэн тавлан сууж, тухлан үзнэ үү.



Видеог үзэнгээ мэдэхгүй үгээ доорх өгөгдсөн зайд тэмдэглэж аваарай.


3 comments:

  1. Ta end sanalaa uldeej bolno

    ReplyDelete
  2. Mash saihan husheel bna.

    Thanks a lot.

    ReplyDelete
  3. Wow, really interesting lecture.

    ReplyDelete