Tuesday, June 1, 2010

Америкийн Монгол блог маань нэг сар хүрлээ

АмерикийнМонгол блог маань нээгдээд яг нэг сар боллоо. Юуны өмнө миний блогийг нэг сарын турш уншиж буй, уншсэн хүн бүрт баярласнаа илэрхийлье! Урьд нь ингэж нийтэд нээлттэй блог хөтөлж байсангүй, хувийн тэмдэглэл маягаар блогийг бол ашиглаж байсан. Харин энэ удаад хүнд хэрэгтэй, хүн уншихаар юм хийе гэж бодоод энэхүү блогийг хоёр сайт дээр нээсэн юм, нэг нь gogo.mn дээр, нөгөөх нь www.amerikiinmongol.blogspot.com. Энэ хугацаанд монгол сайт дээр нээсэн блогийн маань нийт хандалт 3272, харин блоггер дээрх хандалт 700-800 орчим хандалт ирсэн нь надад үргэлжлүүлж бичих их том сэдэл болж байлаа.

Нэг талаас энэ нь их том урам зориг болж байгаа ч, нөгөө талаас бичлэгээ чанартай, сонирхолтой байлгахыг хичээхийн хэрээр их цаг авдаг зүйл мэт санагдсан. Тиймээс олон жил блогоо тогтвортой хөтөлж байгаа хүмүүсийг хүндэтгэн ёслож байгаагаа бас энэ дашрамд бас илэрхийлье. Бичих бас хүнтэй юмаа хуваалцах гоё ч бас “such joy and pleasure come with its own price” гэдгийг илүүтэй ойлголоо доо.

Анх блогоо нээхдээ юу бичих, ямар зорилгоор нээж байгаагаа бол огт бодоогүй, эхний хоёр бичлэгээ оруулахад ганц хоёр цагийн л ажил болсон байх. Харин нээгээд хэсэг бичсэний дараа бол үүнийгээ эргэж харахад зорилго чиглэл маань гараад ирж байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ блогийн зорилго бол бусдад туслах, хэрэгтэй мэдээлэл өгөх, урам зориг өгөх. Нэг талаар чиглэл маань гарч байгаа нь сайн ч, бас нөгөө талаар блог маань их хайрцаглагдсан юм шиг мэдрэмж төрснийг нуух юун. Өөрөөр хэлбэл, би заавал хүнд хэрэгтэй юм хэлэх ёстой гэсэн мэдрэмж, бас бусдын хүлээлтийг төрүүлчихсэн юм шиг. Ингэснээр би юу бодсоноо, хүссэнээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө хязгаарлачихаж байгаа юм шиг санагдсан. Би үнэндээ тийм хүлээсэнд ормооргүй байгаа юм л даа. Та энэ тал дээр юу бодож байгаагаа зөвлөж хайрлавал их баярлахаар байна даа.

Яг үнэндээ хүмүүс миний блог руу их ордог ч сэтгэгдэл бага үлдээдэг юм шиг санагдсан. Хүнд хэрэгтэй юм бичье гэж зорьж байгаа болохоор бусдад хэр зэрэг тус болж байгаа эсвэл үгүй тал дээр сонсвол тун хэрэгтэй байна даа. Үнэндээ хайран цагаа зориулж байгаа зүйл маань бусдад тийм ч хэрэгтэй эсвэл тустай биш байгаа бол үүнийг үргэлжлүүлэх нь бас илүүц гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Ийм учраас хэрэв та миний блогийг уншдаг бол би яагаад энэ блогийг үргэлжлүүлэх ёстой тал дээр өөрийн саналаа үлдээнэ үү. Та бүхний хариулт, зөвлөгөө энэ блогийг цаашид үргэлжлэх эсэхэд тун ч их үүрэг гүйцэтгэх болно.

Хүндэтгэсэн,

Америкийн Монгол

Saturday, May 29, 2010

Англи хэлний хичээл: TO BE VERB

Англи хэлийг яавал амархан сурах вэ гэдэг асуултыг мөн ч олон удаа сонссон доо. Тэгэхлээр энэ ойлголтод яавал үр бүтээлтэй сурах вэ гэсэн зүйл хамгийн төвд нь явах юм шиг санагдаж байна. Үүнд хувь хүний хичээл чармайлтаас гадна сайн багшийн сайн хичээл бас голлох үүрэг гүйцэтгэх билээ. Энэхүү бичлэгээр толилуулж буй Женифер багшийн хичээл интернетээс олж болох маш сайн хичээлүүдийн нэг санагдсан. Хайлт хийвэл сайн хичээл олон бий ч анхан болон дунд шатны суралцагсад тэр бүр сайн хичээлийг олж чадахгүй, оллоо ч ямар дарааллаар үзэхээ мэдэхгүй гэх мэт асуудлууд бий билээ. Ингээд түүний хичээлүүдээс дүрмийн хичээлийг түүвэрлэн зохих дарааллаар оруулъя гэж бодлоо.

Аливаа хэлээр зөв, сайн ярьж сурахад үгийн баялаг, дуудлага зэргээс гадна дүрмийн мэдлэг их чухал санагддаг. Англи хэлний дүрэм энгийн боловч олон хүн энэ тал дээр толгой нь эргэсэн, учраа олоогүй байх нь элбэг. Иймээс дээрх багшийн хичээлийг оруулахдаа өөрийн тайлбартай хавсран оруулахаар шийдлээ.

Энэхүү хичээл нь TO BE үйл үг гэж юу болох, яаж хувирдаг болон өгүүлбэрт хэрхэн хэрэглэх тухай заасан болно. Тус багшийн хичээлийн гол агуулгыг дор улаанаар мөн орууллаа. Нэг зүйлийг сануулахад гадаад хэлний дүрмийн мэдлэгийг эзэмшихэд эх хэлний дүрмийн суурь мэдлэг чухал тул монгол хэлний суурь зарим ойлголтуудыг маш энгийнээр тайлбарлахыг бас хичээлээ.

Өгүүлбэр = Үйлийн эзэн +үйл үг
Үйлийн эзэн = нэр үг болон төлөөний нэр
Нэр үг = хэн? юу? гэсэн асуултад хариулагдах үг
Төлөөний нэр = би, чи, та, тэр, бид, та нар, тэд
Is= бол, байна. Жишээ нь: This is an apple. Энэ бол алим.
Singular noun = ганц тоон дээрх нэр үг. Жишээ нь an apple
Plural = олон тоо
Affimative form = батлах өгүүлбэр, батлах төлөв
Contractions – хураангуйлал, товчлол. Жишээ нь: I am =I’m
Negative = үгүйсгэх хэлбэр
Statements – өгүүлбэр гэсэн утгаар явж байна.

Өнөөдрийн хичээлийн дүгнэлт:
To be verb-ийн одоо цагийн батлах болон үгүйсгэх төлөвийг үзсэн. Үүнд:
Affirmative form:
I am
S/he/it is
We/you/they

Negative form:
I am not
S/he/it is not
We/you/they are not



Доорх өгөгдсөн зайд тэмдэглэгээгээ хийж болно.



За тэгээд энэхүү хичээл ямархуу байв, хажуугаарх миний хийсэн нэмэлт тайлбар, тэмдэглэл хэр тус болж байгаа тал дээр саналаа үлдээвэл дараа дараагийн хичээлд анхаарамз.

Thursday, May 27, 2010

Мэргэжлээ бодолтой сонгоорой

Өнөөдөр бас yahoo-гийн мэдээнээс харсан нэгэн хэрэгтэй мэдээллээ хуваалцаж байна. Энэхүү мэдээлэл илүүтэй мэргэжлээ сонгох гэж байгаа, эсвэл өөрчлөхийг хүсч байгаа хүмүүст хамаатай байх аа.

Энэхүү нийтлэл нь ойрын арван жилд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлийн жагсаалтыг гаргажээ. Чадах ядахаараа монголчиллоо, ойлгохгүй бол англиар нь yahoogaas хараарай.Үүнд:

· Биоанагаахын инженер
· Сүлжээний системийн аналист
· Гэрийн орчинд хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламж
· Хувийн болон гэр ахуйн арчилгааны тусламж
· Санхүүгийн шалгагчид бодвол аудиттай төстэй юм болов уу
· Анагаахын шинжлэх ухааны ажилтан
· Эмчийн туслах
· Арьс арчилгааны мэргэжилтэн
· Биохимич, биофизикч
· Биеийн тамирын дасгалжуулагч

Wednesday, May 26, 2010

Амттай хоол идмээр байна уу?

Ерөөсөө энэ удаа янз бүрийн илүү дутуу сэдвээ орхиод хоолны тухай ярихаар шийдлээ. Учир нь бас нэг найз маань чухам л тэр үхрийн өвчүү чанадаг аргаа зааж өг гээд уулзах, ярих болгондоо л үглээд байгаамаа. Мэдээж би мэргэжлийн тогооч биш, харин амттай хоол хийх дуртай нэгэн. Миний блог гэж юм юмны л холион болж байна даа. Гэхдээ энд нэг ерөнхий чиг байгаа, энэ бол бусадтай мэдсэнээ, сонссоноо хуваалцах, бусдад урам зориг өгөх. Ерөөсөө л миний блогийн зорилго энэ юм билээ.

Би нээрээ хоол хийх их дуртай. Сайхан зантай үедээ амттай хоол хийж найз нараа дайлах дуртай. Нэг гэм нь бас муухай ааштай үе бий, гэхдээ үүнд бас учир бий тул энэ талаар олон хэрэггүй юм ярихаа орхиё. Би гэдэг хүн Америкт ирээд гэрийн эзэгтэй болсон юм. Энэ хугацаанд хүссэн ч, хүсээгүй ч хийх ёстой нэг зүйл маань бол бараг орой бүр хоол хийх явдал, заримдаа ч залхмаар! За тэр гомдол ч яахав. Америк орныг хоол муутай л гэдэг, хүмүүс нь дандаа junk food иддэг л гэдэг. Харин миний тухайд энэ нь их өрөөсгөл ойлголт санагддаг. Би энд ирснээрээ харин ч олон төрлийн ногоо, олон орны хоол, түүнийг хийх арга гэх мэтийн зах зухыг чухам энэ орноос л мэдэж авсан.

За тэгэхлээр миний хийдэг хоолноос манай найз нарын хамгийн идэх дуртай хоолны нэг бол үхрийн шарсан өвчүү. Заавал өвчүү гэлтгүй зүгээр чанаж идэх махыг мөн ийм аргаар шарахад бас илүү амттай болдог юм билээ. Тэгэхлээр энд над шиг хоол хийх дуртай нэгэн байвал гэрийнхэндээ, найзууддаа зориулж энэ хоолыг хийж өгвөл бас л гоё доо. Ялангуяа чиний хичээж хийсэн хоолыг нөгөө хүн хэрхэн амталж, таашааж байгааг харах чинь тогооч хүний жаргал биш гэж үү?

Миний хамгийн дуртай тогооч нарын дунд нэгт явдаг хүн бол Инна Гартен билээ. Түүний түүхээс товч дурдваас тэрээр залуу ахуй үедээ Цагаан Ордонд төсвийн аналистийн ажил эрхэлж байсан нэгэн ажээ. Гэсэн хэдий ч тэрээр хоол хийх сонирхолдоо хөтлөгдөн ажлаа орхисон ба эдүгээ Америкийн алдартай тогооч нарын нэг болсон юм. Та түүний талаарх дэлгэрэхгүй мэдээллийг дараах холбоос дээр дарж уншиж болно. http://www.foodnetwork.com/chefs/ina-garten/index.html Тэрээр хоолны талаар мэргэжлийн ямар ч сургууль дүүргээгүй бөгаад аливаа хоолны номуудыг зааврыг даган хоол хийж сурч эдүгээгийн их өндөрлөгийнхөө гарааг эхэлжээ.

За үхрийн шарсан өвчүүг бэлтгэхэд хэрэгтэй орц:
• 3 кг (6-7 pounds) орчим үхрийн өвчүү
• 2 амны том халбага (tablespoon)кошер давс (жирийн давс арай бага орох байх)
• 2 амны жижиг халбага хар перец
• 1 амны том халбага нухсан сармис (4 толгой)
• 2 амны жижиг халбага хатаасан oregano leaves (sorry, монголоор юу гэдгийг нь мэдэхгүй юм, мэдэх хүн байвал хэлж туслаарай.)
• 1 паунд буюу 450 oрчим грам арилгасан, 5 см орчим урттай хэрчсэн лууван
• 8 ширхэг 5 смийн урттай хэрчсэн celery, хэрэв би буруу санаагүй бол монголоор жууцай гэсэн байхаа.
• 6 ширхэг арилгасан, хагас саран хэлбэртэй хэрчсэн сонгино
• 6 ш лаврын навч
• 1 лааз томатны соус

Заавар

Зуухаа 350 (F) хэм дээр халаана.Цельсийнхээр буюу Монголынхоор бол 176 орчим хэм дээр тавьж шарах зуухаа халаана. Эхлээд жижиг аяганд давс, перец, сармис, орегано зэрэг амтлагчуудаа хуурайгаар нь хольж, түүнийгээ өвчүүнийхээ гадуур түрхэж өгнө. (Би хийхдээ өвчүүгээ 4-5 орчим смийн өргөнтэй хэрчээд, тэдгээрийнхээ эргэн тойронд дээрх амтлагчуудаа үрж, түрхдэг). Тэгээд шууд хайруулын тавганд амтлагч түрхсэн махаа сайхан бор шаргал болтол тал талаас нь шардаг. Зөвхөн өнгө хувиргах төдий.

Үүний шарах тавгандаа өвчүүгээ байрлуулж, хажуугаар нь ногоонуудаа завсар зайгаар нь өрнө. Тэгээд дээрээс нь томасны соусаа асгана. Соус чинь мах ногооны бүх хэсэгт хүрсэн байх хэрэгтэй. Түрхэх маягаар хүргээрэй. За тэгээд тавгаа мөнгөлөг цаасаар битүү бүрээд шарах зууханд гурваас гурван цаг гучин минут шарна. Харин танд ойлгоход хүндрэлтэй зүйл байвал youtube-ээс ч юм уу Beef brisket, oven fry гэж хайгаад бас видео үзвэл илүү ойлгомжтой байж магадгүй. Би Иннагийн видеог хайгаад олсонгүй. Уг нь бол би өөрөө зурагтаар харж байсан юмаа.

Сайхан хооллоорой!

Monday, May 24, 2010

94-тэй эмэгтэй их сургуулийн диплом гардан авлаа

Ахдаа зориулав :) !

Саяхан yahoo-гийн мэдээнээс санаандгүй их гоё юм уншаад та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Америкчууд “it is better late than never” гэж ярьдаг. Энэ нь хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр гэсэн утгатай үг л дээ. Үнэхээр энэ үгийг батлах мэт Калифорни мужийн Оакланд хотын оршин суугч 94 настай Хазел Сорес нь Оакланд хотын эмэгтэйчүүдийн сургууль болох Миллс Коллежийн 500 төгсөгчийн нэг нь байж, төгсөлтийн баярын үеэр дипломоо гардан авчээ. Дээрх зурган дээр 94 настай Hazel Soares ангийнхантайгаа төгсөлтийн баярын өмнө зургаа авхуулж байгаа нь юм.

“Үүнд хүрэхэд надад нэлээд цаг шаардагдлаа, учир нь би дэндүү завгүй амьдралтай байлаа. Эцсийн дүндээ хүссэндээ хүрсэндээ би сэтгэл хангалуун байна” хэмээн тэр хэлжээ. Сорес нь зургаан хүүхэдтэй, дөч гаруй ач гучтай тэрээр коллеж төгссөн хамгийн настай хүмүүсээс дэлхийд хоёрт орж байгаа ажээ.

Харин Канзас мужийн Нола Очс нь Форт Хэйсийн Улсын Их Сургуульд одоогоос гурванжилийн өмнө буюу 95 тайдаа элсэн орсон нь Геннисийн номд бүртгэгджээ. Тэрээр одоо 98тай ба саяхан мастерийн зэргээ хүртэхдээ шилдэг оюутнуудын тоонд оржээ.

Сорес нь Калифорни мужийн Ричмонд хотод 1915 онд төрсөн ба ахлах сургуулиа 1932 онд төгссөний дараа коллежид сургуульд сурахыг хүссэн боловч их хямралын үе таарсан тул чадаагүй ажээ. “Хэн нэгэн чамд туслахгүй л бол коллежид сурна гэдэг боломжгүй зүйл байлаа. Гэхдээ би сурах хүслээ хэзээ ч алдаагүй” хэмээн Сорес хэлжээ.
Сорес хоёр удаа гэрлэж, зургаан хүүхэд өсгөсөн ба тэтгэвэрт гарахаас өмнө сувилагч, зохион байгуулагчийн ажил хийж байжээ. Түүний бага охин Режина нь “Бид ээжийгээ гайхаж, бас түүгээр бахархаж байна” хэмээгээд “Эндээс сурсан хамгийн том зүйл бол сурахад хэзээ ч оройтдоггүйг ухаарсан явдал юм” гэжээ.

Сорес нэгэнт бакалаврын зэргээ авсан тул амрах төлөвлөгөөгүй байгаа ба Сан Франциско хотын музейд ажиллахыг хүсч байгаа ажээ. Түүний туршлагаас бусад хүмүүс суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг ойлгоосой гэж тэр хүсч байгаа ажээ. “Яагаад буцаад коллежид сурч болохгүй гэж? Зарим хүмүүс дэндүү оройтсон, эсвэл дэндүү хэцүү гэсэн шалтгаанаар бууж өгдөг, эсвэл хойшлуулдаг. Гэтэл яг сураад эхлэхэд сургуульд сурах нь үнэхээр хөгжилтэй, сайхан зүйл гэдгийг тэд мэдэхгүй байж мэдэх юм” хэмээн манай нийтлэлийн баатар хэлжээ.

Thursday, May 20, 2010

Хайран цагаа хэр зөв зарцуулж байна даа?

Яг үнэндээ та бүхэнтэй хуваалцах зүйл зөндөө байна аа, гэхдээ заримдаа алийг нь сонгохоо мэдэхгүй байх гэдэг нэг “happy problem” байхиймаа. Бичих юм ихтэйдээ биш л дээ, энд тэндээс үзсэн дуулсан зүйлсээсээ хуваалцах тухайд ярьж байна. Нэгэнт энэ долоо хоногийн блогууд маань ихэнхдээ бусад хүмүүсийн бичлэгүүдийг тавьсан болохоор үүнийхээ үргэлжлэл болгон Ранди Поосч агсаны хамгийн нэртэй лекц болох “Time management”-ийг youtubees тавьж байна.

Ер нь ямар ч хүний хувьд өгөгдсөн хорин дөрвөн цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг чухал асуудал гэдэгтэй хэн ч маргашгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэхүү лекц нь чухам танд өгөгдсөн цагаа хэрхэн зөв зохицуулах вэ гэдэг талаар танд маш үнэтэй зөвлөгөөг өгсөн юм. Энэхүү лекцээс өөрт чухал санагдсан зарим ойлголтоос хуваалцвал:

• 80 x 20 –ийн харьцааны талаарх ойлголт юм. Энэ нь нийгмийн наян хувийн баялагийг нийт хүн амын хорин хувь эзэмшдэг гэсэн судалгаанаас үүдэлтэй ойлголт юм. Тэрээр энэхүү ойлголтыг цагийн менежменттэй харьцуулахдаа 80 x 20 –ийн харьцаа бас үүн дээр гарч байгааг илэрхийлжээ. Юу вэ гэхлээр бидний байнга хийдэг өдөр тутмын ажлын хорин хувь нь л бидний амьдралын наян хувьд нэмэр болохуйц зүйл байдаг ба үлдсэн наян хувийг бид хорин хувийн хэрэгтэй зүйлд зарцуулдаг гэсэн санаа юм (иймэрхүү л санаа байсан санагдаж байна, хэд хоногийн өмнө үзсэн болохоор нарийн сайн санахгүй байна).

• Иймээс дээрхээс үүдэн бид хийж байгаа ажлаа чухалыг чухал бусаас ялгах хэрэгтэй гэсэн санааг хэлсэн ба үүндээ Covey’s 4 quadrant буюу Ковийн хүснэгтийг санал болгоно лээ. Энэ нь аливаа хийх ажлуудаа: 1). Чухал бөгөөд хугацаа нь тулсан 2). Чухал бус бөгөөд хугацаа нь тулсан, 3). Чухал бөгөөд хугацаа нь болоогүй, 4). Чухал биш бөгөөд хугацаа нь болоогүй хэмээн гэж дөрөв ангилан хийж сурах хэрэгтэй зөвлөсөн юм.

• Бас нөгөө талаар хэдэн хэдэн монитор нь бас ажлын бүтээмж сайжруулах талаар дурдана лээ. Бас цаасуудаа зохион байгууллалттай хадгалж сурах, спеекертэй утасны давуу тал болон өөрийнхөө цагийг хянах тухай гэх мэт олон хэрэгтэй зүйл зөвлөж байна лээ. Миний хувьд энэ сүүлчийнх нь бас чухал санаа байлаа. Учир нь би миний цаг хаашаа урсчив гэмээр алга болдог юм, ингээд би дээрх лекцийг үзсэний дараа гүүглээр time management log, time sheet ч билүү гээд хайхад энэ багшийн үзүүлж байгаа хүснэгт гарч ирж байна лээ. Өдрийнхөө мониторинг хийж үзсээн. Тэгээд би бол ер нь тухайн өдрөө төлөвлөөгүй үедээ цагийг би их дэмий үрдгээ мэдэж авсан юм.

За тэгээд энэхүү бичлэгийн үзэхдээ мөн л урьдын адил бас англи хэлнийхээ сонсголын дасгал болгон ашиглахад бас болохгүй зүйлгүй билээ. Энэ удаад энэ лекцийг subtitle-тай нь олж чадсангүй, гэвч та сонсон мэдэхгүй үг эсвэл мэдэхийг хүссэн үгээ видеог үзэнгээ өгөдсөн зайд бичиж тэмдэглээрэй. Ингэснээр та босч цаас, харандаа хайх хэрэггүй болж байгаа юм л даа.

За ингээд enjoy!


Та видеог үзэнгээ доорх өгөдсөн зайд мэдэхгүй үгээ тэмдэглэн, үзэж дууссаныхаа дараа толь бичгээс үзээрэй.

Wednesday, May 19, 2010

Yahoo company-ийн инженер Мягмарын Сувдмаатай хийсэн ярилцлага

Юутай ч миний блогийг идэвхтэй уншиж буй блогчиддоо энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Түрүүчийн блогтоо Yahoo company-д инженерийн ажил эрхэлдэг Мягмарын Сувдмаа хэмээх бүсгүйн оюутан сурагчдад зориулж бичсэн зөвлөмжүүдийг толилуулсан билээ. Харин энэ удаа www.medeelel.com cайт дээр тавигдсан Монголын Үндэсний Телевизийн ММ Агентлагийн ерөнхий редактор, сэтгүүлч Цэрэндоогийн Мөнхтөрийн түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна. Та доорх линкэн дээр дарж ярилцлагыг үзээрэй. http://medeelel.com/tv/index.php?option=com_medeelelvideo&Itemid=145&func=detail&id=1449

Tuesday, May 18, 2010

Америкт хэрхэн үнэгүй суралцах вэ?

Америк оронд сурч амьдрах завшаан хүн бүрт бий гэж би боддог. Харин үүнийг хэрэгжүүлэх, амьдруулах эсэх нь зөвхөн танаас, таны хичээл чармайлтаас шалтгаалах билээ. Харин энэ удаагийн блогоороо энэхүү оронд өөрийн чадлаараа тэтгэлэг олж суралцан, эрдэм мэдлэг, амжилт бүтээлийн оргилд хүрсэн нэгэн болох Yahoo company-д инженерийн ажил эрхэлдэг Мягмарын Сувдмаагийн оюутан, сурагчид хандаж бичсэн зөвлөгөөнөөс толилуулж байна. Тун ч амьдралтай, зөвлөгөөнүүдийг би дээр үед уншиж байснаа сая хайж оллоо. Зохиогчийн эрхийг хүндлэх үүднээс холбогдох сайтуудын линкүүдийг байрлууллаа.

Хатагтай Сувдмаагийн “Америкийн их дээд сургуулиудад 9 жилүнэгүй сурсан минь” хэмээх нийтлэлдээ анх Монголоос хэрхэн яаж ирснээс авхуулаад энд хэрхэн яаж, үнэгүй суралцсан талаараа маш сонирхолтой, хэрэгтэй зөвлөгөөг оруулсан дэлгэрэнгүй бичлэгийг дараань линкээс дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=13

Харин дараагийнх нь нийтлэл “Дүү маань Америкийн их сургуульд 4 жил үнэгүй сурсан нь”юм. Энэхүү нийтлэлдээ өөрөө Америкт ирснийхээ дараа дүүгээ хэрхэн авчирч, шалгалтад бэлдүүлэн, улмаар сургуульд сургасан талаараа маш дэлгэрэнгүй бичжээ. Дараахь линкэн дээр дарж энэхүү бичлэгийг уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=14

Бас нэг хэрэгтэй зөвлөгөө нь “High School Төгсөгч: Коллежид ормоор байна, арга байна уу?” гэсэн гарчигтай ахлах сургууль төгсч буй хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө ба энэ нь Монголд байгаа төдийгүй энд байгаа хүмүүст ч маш хэрэгтэй зөвлөгөө болсон байна лээ. Та дараахь линкэн дээр дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=18

Хатагтай Сувдмаагийн өөр нэг хэрэгтэй зөвлөгөө бүхий нийтлэл нь “Их сургуулийн бэлтгэлд ямар ном хэрэглэх вэ?” гэсэн гарчигтай ба энд Америкийн их дээд сургуульд элсэн ороход бэлтгэдэг номуудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг, зураг хөрөгтэй нь оруулсан байна лээ. Та дараахь линкэн дээр дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=29

За ингээд энэ бүх туршлага, сургамжаа ийм сайхан илэн далангүй, дэлгэрэнгүй хуваалцаж, сэтгэл зүтгэл гарган уртаас урт зөвлөмжүүдийг Монголчууддаа зориулж бичсэн хатагтай Мягмарын Сувдмаадаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд, блогоороо дамжуулан уншигч олон оюутан залуусынхаа өмнөөс амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсье.

Saturday, May 15, 2010

Гайхамшигийн туйл: Ранди Поосч багш

Last lecture” хэмээх лекцээрээ хоёр жилийн өмнө youtube sensation болж байсан Randy Pausch (10/23/1960-07/25/2008) хэмээх нэгэн эрхэм хүний лекцийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Магадгүй, энэ хүний талаар сонссон мэдсэн нэгэн байхад мэдээгүй, сонсоогүй нь бас олонтоо бий болов уу гэсэн үүднээс үүнийг толилуулж байна.

Тэрээр Carnegie Mellon University ийн компьютер, график дизайны багш байсан ба 2006 оны 6 дугаар сард нойр булчирхайн хавдараар өвдсөнөө мэдсэн юм. Тэрээр 2007 оны 9 сарын 18нд “Сүүлчийн лекц: Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөлд хүрэх нь” нэртэй лекцийг сургууль дээрээ тавьсан ба энэхүү лекц нь youtube дээр тавигдан олны анхаарал татаж, улмаар олон тооны телевизийн нэвтрүүлгүүдэд уригдаж оролцож байсан юм. Дараа нь тэрээр “Сүүлчийн лекц” нэртэй ном хэвлүүлэн гаргасан нь New York Times bestseller /хамгийн их зарагдсан ном/ болсон юм. Тэрээр миний амьдралдаа харсан ховорхон өөдрөг, гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Түүнийх шиг амьдралд хандах хандлага, хөдөлмөр, замаар ямар ч хүн хүссэндээ хүрч, гайхалтай амьдралыг цогцлоож болно гэдгийг тэрээр өөрийн амьдралаар тод харуулсан ба энэ талаар лекцэндээ тодорхой өгүүлдэг. Энэ бүхэн дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь энэ багшийн амьдрал үхлийн ирмэгт ирчихсэн байхад хүртэл өөдрөг чанараа алдалгүй, харин ч хүмүүст амьдралын үнэ цэнэ, сайн сайхныг лекцлээд зогсож чадаж байгаа нь тэр чигээрээ гайхамшиг санагдсаныг нуух юун. Энэхүү лекцаас та бүхэн маш их урам зориг авна гэдэгт би ихэд итгэлтэй байна. Ранди багш нойр булчирхайн өвчний улмаас 2008 оны 7 сарын 25нд таалал төгссөн юм.

Би доорх лекцийг товчилж орчуулж тавихыг бодсон боловч арай л дэндүү эрт, сунжирсан ажил болох төлөвтэй. Аягүй бол бүр тавихгүй байдалд ч хүрч мэдэх тул шууд subtitleтай бичлэгийг олж тавьлаа. Яг үнэндээ subtitle-тай англи нэвтрүүлэг, кино үзэх нь хэлээ сайжруулах, ялангуяа сонсох чадвараа хөгжүүлэхэд тустай аргуудын нэг билээ. Нэгэн зүйлийг сануулж хэлэхэд доох видеог үзэхдээ мэдэхгүй үг бүрийг бичиж авах, орчуулахаас аль болох татгалзаарай. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа юу вэ гэхлээр нэг мөсөн дайрах хандлагатай байдаг буюу мэдэхгүй үгийнхээ хэдэн хуудас жагсаалтыг гаргадаг. Ингээд тэрийгээ толь бичгээс харах нь бий, харахгүй орхих нь ч бий. Энэ нь нөгөөх л сурах аргыг эзэмшээгүйтэй холбоотой билээ.

Үгийн түвшинд анхаарахаасаа илүү, ерөнхий утганд анхаарлаа хандуулж, байнга давтагдаж байгаа эсвэл тухайн ярианы хэсгийн гол утгыг тээж байгаа үгийг өгөгдсөн зайд тэмдэглэж аваад, видеог үзсэнийхээ дараа толь бичгээс хараарай. Үүний дараа дахин үзэхэд таны ойлголтын түвшин урьдахаасаа нэмэгдсэн байх нь гарцаагүй. Ийм байдлаар системтэй, нэг үзсэн зүйлээ дахин дахин үзэж, урд үзсэн мэдэх үгээ орхиж, шинэ үгийг тэмдэглэн авбаас зүгээр нэг үзсэнээс илүү үр дүнтэй байх болно. Харин нэг удаа үзэхдээ шинэ үгийн тоогоо 15-20 үгээс бүү хэтрүүлээрэй. Дахин хэлэхэд шинэ үг тань олон давтагдаж байгаа гол үгсийн жагсаалт байх ёстой. Яг үнэндээ IBT болон бусад төрлийн англи хэлний шалгалтууд дээр уншихад ч, сонсоход ч guess буюу таах, контекстоос нь тааж ойлгох чадварыг ихэд шаарддаг билээ. Иймд мэдэж байгаа үгэн дээрээ үндэслэн таах чадвараа сайжруулах дасгал гэж ойлгон бусад үгсийг орхиорой.

Магадгүй, үүнийг сурагч болон оюутнууд уншиж байгаа ба видеог англиар ойлгоход төвөгтэй байвал англи хэлний багшдаа санал тавьж, англи хэлний хичээлийнхээ хэсэг болгож, үзэхэд буруудах зүйл огт байхгүй билээ. За ингээд олон үгээ орхиё.

Та бүхэн тавлан сууж, тухлан үзнэ үү.



Видеог үзэнгээ мэдэхгүй үгээ доорх өгөгдсөн зайд тэмдэглэж аваарай.


Thursday, May 13, 2010

Миний анд – Straight “A” student

Монголд байхдаа нэгэн их сургуульд сурч байлаа. Тэр үед надад нэг найз байдаг байсан юм, түүнийгээ би “Я” гээд нэрлэчихье. “Я” маань манай ангийн төдийгүй, манай сургуулийн тэргүүн оюутан байлаа. Угаасаа түүний гадна төрх ч тэр, биеэ авч явах байдал ч тэрийгээ илтгэдэг, нэг их том хар хүрээтэй нүдний шил зүүсэн, номын сангаас салдаггүй нөхөр байсан юм.

Харин миний тухайд тийм байгаагүй ээ, байдаг л нэгэн байсан. 10 жилийн ахлах ангийн сурагч байхдаа дээд сургуульд орвол миний амьдрал болоод явчихна гэж ойлгосон. Тэгээд ч тэрнийхээ төлөө нэг хэсэг нойр хоолгүй суусан даа, үр дүн нь гарч гайгүй сургуульд орсоон, орсон. Миний амьдралын хамгийн баярт мөчүүдийн нэг л дээ. Тэгээд яахав, хүссэн юмандаа орсон хүн чинь санаа амардаг юм байна, дээрээс нь хэрхэн, яаж сурах талаар ямар нэг ойлголт, чиглэл, туршлага, зааваргүй хүн чинь дураараа дургина биз дээ.

Дээд сургуульд явахад ээж маань нэг л үгийг учиргүй их захиж байсан юм. За “Охин минь, сургуулиа төгсөтлөө хүнтэй сууж, хүүхэд гаргаж болохгүй шүү” гэж мөн ч олон удаа захьсан даа. Ерөөсөө дээд сургуульд сурахад надад нэг л заавар ирсэн, тэр нь энэ. Тэгэхээр ганц анхаарах ёстой юм бол энэ юм байна гээд ойлгочихож байгаа юм. Бодвол өсвөр насандаа банди нартай их нийлдэг байсантэй холбоотой байж ч мэдэх юм. Тэгээд яахав, ээжийн захиасыг биелүүлсэн дээ. Мэдээж, залуу халуун нас, сонирхоно, шохоорхоно, таалагдана, юм юм байна ш дээ, гэхдийн ээжийн энэ захиас зүрхэнд аймаар гүн хадагдсан юм шиг байгаа юм. Юун хүнтэй суух, хүүхэд гаргах, хүнтэй ч дорвитой үерхээгүй ш дээ. Харамсмаар ч юм шиг.

За тэр яахав. Манай их сургуулийн ангийн нөгөө “Я”, түүнийхээ тухай бичих гэж байгаад л хадуурчих юмаа, би гэж хүн. Тэр бид хоёр хоёрдугаар курсээсээ оюутны байрны нэг өрөөнд амьдардаг болов оо. Би гэж хүн бол нэгдүгээр курстээ бол өөртөө л танхай явлаа, юу вэ гэхлээр хичээл хийхгүй, болох болохгүй хүмүүстэй нийлж, дандаа наргина, хичээлдээ хоцроно. Гэхдээ тэр амьдралын хэв маяг надад нэг л таалагдахгүй байсан юм. Нөгөө нийлдэг журмын нөхөдтэй цагийг өнгөрөөх бол зугаатай л даа, даанч нөгөө хичээл, даалгавар, дүн гэх мэт зүйл чинь хөөрхөн толгойны өвчин болно ш дээ. Тэгээд номын санд бас хааяа суух гэж, биеэ дайчлах гэж оролдоно ш дээ, журмын нөхөд маань элдвээр гоочлохоор бас сайн тэгж явж чадахгүй ээ. Эндээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхлээр ерөөсөө би орчноо өөрчлөхгүйгээр юунд ч хүрэхгүй юм байна гэдэг нь тодорхой болж байгаа юм.

Ингээд л нөгөө “Я”-тай гэртээ ч цуг, анги дээр ч цугтаа. Тэр маань яахав, сурахын төлөө төрсөн хүн юм болохоор яс л сурч байна. Би амьдралдаа тэгж хичээл хийдэг хүн одоо ч хараагүй, аймаар, бүр биеэ өвдтөл сууна. Тэгээд юу гэдэг гээч, “Одоо ингээд 20 ч билүү, 30 минут унтчихвал л зүгээр болчихно” гэнэ, тэгээд яг сэрүүлэгтэй юм шиг хэлсэн цагтаа унтаад босоод ирнэ. Босч ирээд, үргэлжлүүлээд сууна. Юу вэ, би бол ангайж байгаа юм чинь, би бүр үнэхээр гайхдаг байсан, энэ хүний ингэж сурах сэдэл нь юу вэ гэдэг миний хувьд оньсого байлаа.

Гэхдээ “Я”-г эргээд бодоход тэр маань тодорхой түвшинд сурах арга барилыг эзэмшсэн хүн байсан юм байна гэдгийг бол харж байгаа юм. Нэгдүгээрт, түүнд хөтөч байж, түүний аав нь багш хүн байсан бөгөөд байнга охиндоо урт захидал илгээдэг байсан юм. Би уншиж байгаагүй л дээ, гэхдээ л охиндоо яаж сурах талаар их зөвлөдөг байсан санагддаг. Хоёрдугаарт, түүнд хүүхэд байхаас төлөвшсөн хичээл хийх, зуршил хүмүүжил байсан юм. Тэрээр над шиг би яагаад үүнийг хийх ёстой юм, үүнийг хийх миний амьдралд ямар хэрэгтэй юм гэх зэрэг олон юм огт боддоггүй,алмайрдаггүй, хойшлуулдаггүй, шууд л төвлөрдөг, хийдэг тийм л оюутан байсан даа. Одоо ч байгаа даа, одоо найз маань Японд мастер хийж байгаа.

Тийм оюутны хажууд байхаар хүн дагадаг л юм билээ. Миний нөгөө нэгдүгээр курсдээ арай ядан авч байсан B, заримдаа C ч авах үе бишгүй байсан, хоёрдугаар курсээс шууд онц болсон шүү дээ. Би аймаар тод санадаг юм, хоёрдугаар курсийн эхний улирлаар /семестр юм даа/ онц гарч, өөртөө их баярлаж урамтай байж билээ. Бас Бурхан болсон аавдаа хэлсэн амандаа хүрсэндээ бүр ч их баяртай байсан даа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхлээр орчин бүрдвэл хүн хийдэг юм билээ гэж.

Нээрээ дараагийн блогтоо эрхэм анд “Я”-гийхаа англи хэлний үндсэн цагуудыг хэрхэн ойлгож, тогтоож байсан аргаас нь хуваалцана аа. Түүнээс сурсан хамгийн гол зүйлийн нэг. Манай нөгөө олон “хөөрхөн” амбицтай нөхөрт ч хэрэгтэй байх. Дандаа л цаг дээр төөрөөд байна гэж яриад байдаг юм. Танд ч бас хэрэгтэй байх.

Wednesday, May 12, 2010

Гадаад хэл сурна гэдэг гайхамшиг мөн

Өчигдөр санаандгүй нэг блогийг харж байсан чинь англи хэл сурах гэж хэрхэн 5 жил хэрхэн хичээж байгаа талаараа хальж бичжээ. Ингээд би энэ блогтоо өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ олоон жилийн өмнө бичиж авч байсан гадаад хэл сурах талаарх хөөрхөн зөвлөмжийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Харамсалтай нь би үүнийг бичиж авахдаа зохиогчийн нэрийг бичиж аваагүй ажээ.

“Та аливаа гадаад хэл сурах гэвээс эхлээд түүнд жинхэнэ хүсэмжлэн тэмүүлээрэй. Тэгээд богинохон хугацаанд зориг тэвчээр гарган ажиллаад л “зовлон” нь түргэн өнгөрч, жаргал нь насанд туршид тань ирнэ. Яаравчлан анхны мэдэгдэхүүнтэй болж “амтанд нь” ор. Босч суусан ч, бодож сэтгэсэн ч, түүндээ зорьж, үлгэрлэвээс хэн нэгийг ядарлаа, яасан хэцүү юм бэ гэж хэлэхэд л үүнийг чинь англиар, оросоор, францаар юу гэдэг билээ гэж дотроо бодож, тэр хэлний бичигтэй цаасны тасархайг ч шохоорхон авч үзэж, бололцоо л гарвал, нарийн ойлгосон, ойлгоогүй хамаагүй радио нэвтрүүлэг, соронзон бичлэг сонсоорой.

Гадаад хэлний тухай мэдэхээсээ түүнийг эзэмших /ярих, унших, бичих, ойлгох/ тун чухал. Дүрмийн ерөнхий зарчмын бол бараг ганцхан өгүүлбэр дээр тун нухацтай ажиглаад мэдэж болно. Үгийг бус, өгүүлбэр, хэллэг болгон цээжил. Ингээд цээжлэн эзэмшсэн эсэхээ шалгаж, номоо харалгүй бич, дараа нь харьцуул, Дахиад бич, шалга.”

За тэгээд хэл сурах их аянд мордсон, мордож буй хүн бүрт амжилт хүсье. Дараа дараагийн блогтоо мөн энэ талаарх өөрийн дурсамж, туршлагаасаа хуваалцана аа.

Tuesday, May 11, 2010

Миний бичгийн ширээ – өрөө

Өмнөх блогтоо амласныхаа дагуу өөрийнхөө бичгийн ширээний талаар бичиж байна аа.

Хараад байх нь ээ би organized байхад нэлээн дуртай нэгэн болж байх шиг, учир нь би блогуудаа харахаар ихэнх нь энэ сэдвийн хүрээнд болчихсон байгаа байхгүй юу, их сонин. За тэр яахав, тэгээд ч эмх цэгцэнд дургүй хэн байхав дээ. Тэгээд ч би анхнаасаа хүнд хэрэгтэй юм бичье гэж зорьсон юм.

За ийм байна. “Бичгийн ширээ гэж...” их хэрэгтэй, сайхан эд дээ гэж. Миний л хувьд лав тийм. Орчин цагийн хүмүүний амьдралыг бичгийн ширээгүй төсөөлөхөд бас л бэрх шүү дээ. Уншигч та ч гэсэн ямар нэг төрлийн ширээ /ширээ орлуулагч ч байж болох юм/ хэрэглэн үүнийг уншиж байгаа гэдэгт би итгэлтэй байна. За тэр ширээний ач тусыг ярьж дэмийрээд яахав, хэнд ч ойлгомжтой асуудал.

Бичигч би вээр одоогоос 3 жилийн өмнө хүүтэй боллоо. Одоо ч тэр нөхөр холионы эзэн л дээ, бид хэдийг ганц хөгжөөдөг нөхөр. Тэр нөхрийн чинь өсөлтийн хурд гэж өдрөөр, цагаар, харин миний түүнтэй зохицож өөрчлөгдөх чадварын хурд эсрэгээрээ. Тэгэхээр яахав, ахуйн төрлийн олон асуудал үүсч байгаам.

Миний байнга хийдэг, хийх дуртай зүйл бол бичгийн ширээнийхээ ард суух явдал. Оюутан хүнд хийх юм мундахгүй шүү дээ, наад зах нь гэхэд л интэрнет дээрх хов живээс авхуулаад /үнэндээ би тийм зүйлд цаг зарцуулахаас ихэд цааргалах дуртай нэгэн/. Тэгээд нөгөө бичиг цаасандаа холилдоод суухаар манай нөгөө дайсны цэрэг чинь ажлаа эхэлнэ шүү дээ. За намайг суугаагүй үед ч хийнэ. Тэр л принтерийн товчийг асааж унтраана, тэр л цагаан цаасуудыг базаж, урж тараана, өө бүр болоогүй, миний desktop computer-ийн процессорын сд уншигчийг нээж хаасаар байгаа одоо бүр нээгдэхээ байсан. За тэгээд л тэр хавьдаа дуртай гэж жигтэйхэн, завгүй ч гэж жигтэйхэн.
За энэ зураг бол мэдээж бид хоёрын зураг биш л дээ. Гэхдээ нэг иймэрхүү дүр төрхтэй хоёр байдаг байсан гээд бодчиход болно.

Дээрх асуудал түүнийг мөлхөж эхэлсэн үеэс эхэлсэн юм. Тэгээд би бодлоо л доо, энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж. Түүнийг тэнд очихыг би болиулж бол чадахгүй, бичгийн ширээгүй байна гэдэг миний оршин тогтнолыг ярьж байгаатай адил зүйл болох тул бас худлаа. Мэдээж, жаахан баян тансаг бол тусдаа гэр оффистой бол ондоо л доо, миний хувьд одоохондоо энэ боломжгүй байдаг /ирээдүйд бол болно оо, амны билгээс ашдын билэг гэж/. Тэгээд search хийнэ биз дээ. Нөгөөх л http://www.officedepot.com/, http://www.staples.com/ эд нараа үзнэ шүү дээ. Бас Америкийн монголчууд их ордог нэг сайт нь http://www.craigslist.org/ юм. Энэ сайт дээр байхгүй юм ч гэж байхгүй, ажлын зараас авхуулаад худалдаа наймаа хийх гэх мэт бүх юм байдаг.

Ингэж хайлт хийх явцдаа дэлгүүрүүдийн сайтаас өөртөө хэрэгтэй нэгэн чухал юмыг мэдэж авлаа. Энэ нь computer armoire хэмээн нэрлэгддэг, нэгэн ёсны бичгийн ширээ-шкаф. Хаачихсэн үедээ ерөөсөө л хувцасны шүүгээ хаачихсан юм шиг харагддаг, харин нээсэн үед миний бичгийн ширээ болчихож байгаа юм. Түүн дотор миний бичиг номтой холбоотой бүх зүйл багтдаг нь сайхан. Би ширээгээ www.craigslist.org дээрээс хайж, хямд үнээр маш хэрэгтэй бичгийн ширээ-өрөөтэй болсон юм даа.

Хэрэв та бичгийн ширээгээ заавал зочны өрөөндөө байрлуулах шаардлагатай /олон янзын хэрэгтэй хэрэггүй орсон гарсан хүнд ил байлгах тийм ч таатай биш шүү дээ/, гэвч үнэндээ тэнд байрлуулах сонирхолгүй байдаг, эсвэл над шиг хүүхдийн асуудалтай байх аваас энэ бол маш шилдэг шийдэл байсныг би зориуд хэлэх гэсэн юм. Нөгөө талаас бас манай Монголд ч үүнийг хийхэд болохгүй зүйлгүй шүү дээ. Хэн нэгэн гарын дүйтэй, бизнес сэтгэлгээтэй нэгэн байвал магадгүй энэ танд бас нэгэн шинэ бизнесийн санаа өгөхийг үгүйсгэх аргагүй юм.

Wednesday, May 5, 2010

10 минутын төсөл

За үүнийг бол би санаандгүй зурагтаас үзсэн юм. Бодвол гэр орон тохижуулалт, цэвэрлэгээ энэ тэртэй л холбоотой юм байсан юм шиг байгаа юм, сайн санахгүй байна. Юутай ч энэ арга нь залхуу, учраа олохгүй надад нэлээдгүй тус болж байгаа юм шиг санагддаг.

Юу гэхлээр би өөрөө их цэвэрхэн байх дуртай ч нэг л учраа олж өгдөггүй юм. Тэгээд хүмүүсийг харахаар зарим нь зүгээр л ямар ч стрессгүйгээр орчноо цэвэр, зохион байгуулалттай байлгаж чадаад байдаг, гэтэл надаас тэр нь маш их план, бодол, эрч хүч шаардаад байгаа юм шиг санагддаг юм. Мэдээж, миний нөгөө урд дурдсан тогтмол төлөвлөгөөний ачаар миний байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа л даа.

Тэгэхээр миний нэг том гэм бол юмыг нэг дор, нэг мөсөн цэвэрлэх гээд байдаг их муу зантай. Муу зантай гэдгийн учир нь энэ нь тийм үр дүнтэй арга биш байгаад л гол учир нь байгаа юм. Байнга хүссэнээрээ хэрэгжүүлчихдэг бол муусаад байх юм алга л даа. Гол нь энэ чанарын сул тал нь болохоор нэгдүгээрт би тэр их ажил руу орохоос халширдаг, хоёрдугаарт үүний улмаас огт хийхгүй үлдээх гээд байдаг бүр муу талтай. Харин дээрх “10 минутын төсөл”-ийн арга бол гайхалтай үр дүн үзүүлдэгийг хэлэх хэрэгтэй.

Жишээлбэл, би гал тогооны өрөөгөө нэг сайн цэвэрлэх бодолтой байлаа гэж бодъё, нэг дор цэвэрлэнэ гэвэл бүтэн өдрийн ажил болно, болдог ч. За тэгээд урам зоригтой эхэлнэ ээ, бүх юмаа нэг талаас нь гаргаад л, алчуур савангаа бэлдээд л, дуугаа дуулаад, аймаар эхэлнэ шүү дээ. Тэгээд нэг хоёр цаг цэвэрлэнэ, ид дундаа орж байтал ядраад, өлсөөд, юун юм цэвэрлэх, нөгөө замбараагүй юмаа хараад бараг дотор муухайрна биз дээ? Ингээд яах уу, дундаас нь орхих жишээтэй, тэгэхээр цэвэрлэснээсээ долоон дор юм болно биз? Бас л нэг төрлийн disaster шүү дээ. Гэхдээ яг тэгж орхихгүй л дээ, чанарын хувьд бол тийм л юм болж байгаа юм л даа, эхний цэвэрлэсэн хэсэг нь гял цал, сүүлийн хэсэг гар хүрсэн эсэхэд тун эргэлзээтэйJ!!

Тэгэхээр 10 минутын төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэхлээр ерөөсөө өдөрт (Өдөр бүр байх ч албагүй, завтай цагтай, цэвэрлэмээр байгаа үедээ) чи цэвэрлэе гэж бодож байсан зүйлдээ 10-15 минут л зарцуулна. Тухайлбал, би гал тогоогоо цэвэрлэе гэхэд гал тогооны шүүгээний зөвхөн нэг хэсгийг л цэвэрлэнэ. Тэгээд л болоо. Би бүгдийг нэг дор цэвэрлэх хэрэггүй. Энэ аргыг хэрэгжүүлж би хувцас, гутлын шүүгээнүүдээ, нөгөө их ном дэвтэр, нөгөө нүсэр бичгийн ширээ, нөгөө их СД, кассет, нөгөө гал тогоо, энэ бүгдийгээ маш амжилттайгаар, маш сайн цэвэрлэж чадсан. Удаа хугацаанд хойш тавьсан эд дээ. Цэвэрлэмээр байгаа үедээ 10 минут зарцуулахад тэр чинь ерөөсөө нерв барахгүй, маш амар байдаг юм билээ, үр дүн нь бүх юм чинь цэвэрхэн, зохион байгуулалттай. Урам орно гэж юухэв.

Ийнхүү дээрх аргыг хэрэгжүүлснээр би бас нэг төрлийн стрессээсээ салж чадсан даа гэж. Хэрэв та над шиг энэ тал дээр struggle болдог бол энэ арга тун ч амьдралтай арга гэдгийг би батлах байна.

Monday, May 3, 2010

Залхуу миний залхуурлаас гарах бас нэг аргыг олсон нь

Надад бас над шиг хөөрхөн “амбицтай” нэг найз байдаг юм. Тэр саяхнаас sales person-ы бүтэн цагийн ажлаасаа гараад senior citizen care /sounds better in English/ хийдэг ажилд албаар орж, өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж байгаа юм гэнэ ээ. Одоо тэгээд нөгөө сунайсан урт өдрүүддээ өөрийгөө хөгжүүлнэ гэнэ дээ. Өнөөх ярьж байна аа, өөрийнхөө их амбицийг хуваалцаж байна, надтай. Англи хэлээ сайжруулна л гэнэ, бас бүжиглэж сурна л гэнэ, дээрээс нь хоол хийж сурна л гэнэ, бас зөндөө их ном унших ном Монголоос захиж авчруулсан л гэнэ. За тэгээд энэ бүхнийг хийнгээ эмээгээ хараад мөнгөө хураана гэнэ дээ. Аймаар grand plan байгаа биз? Юутай ч өдий хүртэл тэр сайхан дэврүүн чанараа алдаагүй найздаа би их баяртай байгаа юм.

За тэгээд сар орчмын дараа би follow-up хийнэ ш дээ, “За хөгшөөн, юмаа хийж байна уу? Англи хэл чинь хэр их явцтай байна?” энээ тэрээ гэнэ ш дээ. Өнөөх маань харин хэлж байна аа, “Худлаа болоод байна аа, уг нь 7 хоногт 4 удаа үзмээр байна, гэхдээ нэг л болж өгөхгүй байна” гэж байна. Үе үе бас бид 2 чинь утсаар ярина ш дээ, тэгээд юу хийж байна энэ тэрээ гэхээр интернэтэд сууж байна оо, тэр “Танайд хоноё”-ыг үзлээ, тэр блогийг уншлаа, зурагтаар Oprah үзэж байна ч гэдэг юм уу, өөрөөр хэлбэл яг л надтайгаа адилхан нэг хүн байна л даа, тэнд. Маш олон зүйл хийх хүсэлтэй, гэвч яаж handle хийхээ мэдэхгүй.
Хамгийн гоё нь юу вэ гэхлээр би үүнд маш гоё solution олсон юм. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Харин та бүхэн юу гэж бодож байгаагаа хуваалцаарай.

Бидэнд ерөөсөө байнга давтагддаг ажил, байнга давтагддаггүй ажил гэж байдаг юм байна л даа. Тэгэхээр байнга давтагддаг ажлаа бол хүн ерөөсөө тогтсон хуваарьт оруулчих хэрэгтэй юм байна. Тухайлбал, манай дээрх найзын тухайд ямар байж болох вэ гэхлээр Даваа, Мягмар гаригийн үдээс хойш бол англи хэлээ давтах өдөр, Лхагва гаригт гэр цэвэрлэх, хувцсаа угаах өдөр, Пүрэв гариг 7 хоногийн хоолоо бэлдэх өдөр, харин Баасан гариг бүжгийн хичээлийн өдөр ч гэдэг юм уу, зүгээр жишээ шүү дээ. Түүний өдөр үүгээр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой шүү дээ, зүгээр юу ч хийх байсан эдгээр зүйлүүдийг зайлшгүй хийнэ гээд л ойлгочих. Мэдээж, тухайн өдрөө тогтсон цагтай, хийх газар чинь бас тогтсон байх нь хамгаас чухал гэсэн шүү.

Ингээд байнга хийх ёстой юмаа програмд оруулчихаар чамд “Би үүнийг хийх уу, яах уу? Хийвэл хэзээ, хаана, яаж хийх үү?” гэсэн толгойны өвчнөөс салах юм байна л даа. Нэг ёсны залхуурал, хойшлуулахаас сэргийлэх асар том метод юм байна л даа. Нөгөө талаас байнга давтагддаггүй ч чухал ажлууддаа бодох, хийх цаг гарч ирж байгаа юм байна л даа. Миний хувьд одоогоор үүнийг турших шатандаа явж байгаа ба чанарын маш их өөрчлөлт миний амьдралын хэв маягт орж байгааг хэлэх хэрэгтэй. Хамгийн наад зах нь нөгөө хайртай, дуртай цэвэрхэн орчин маань бүрдчихэж байгаа юм, тогтмол байдлаар. Энэ өчүүхэн сонсогдож байж мэднэ, гэхдээ би энэ байдлаас аймаар их кайф авч, happy байгаа. Мэдээж, цаашид улам боловсронгуй болж, миний өдрүүд илүү үр бүтээмжтэй болно гэдэгт би тун ч их найдаж байгаа шүү.

Аа тийм, нэг зүйлийг сануулахад, нэг удаа оролдоод бүтэлгүйтлээ гээд энэ бол бүтэхгүй зүйл байна гэж орхиж огт болохгүй шүү. Энэ бол шалгарсан арга гэдэг нь амьдралаар батлагдсан тул та үнэхээр өөрийнхөө өдрийн бүтээмжийг сайжруулъя гэвэл дахин дахин туршиж, алдаа гарвал өөрчлөлт, зохицуулалт хийн энэ аргыг өөрийн болгоорой. Амжилт!

Saturday, May 1, 2010

Хувийн зохион байгуулалт хэмээх сүржин гарчиг

Америкт ирээд 6 жил боллоо гэж би түрүүчийн блогтоо дурдсан билээ. Энэ хугацаанд хийж амжуулсан нэг зүйл маань гэвэл мужийн улсын их сургуульд мастерийн зэрэг хамгаалсан явдал юм. Хэцүү байсан гэж хэлэхгүй ч амар байгаагүй ээ. За энэ нь тэгээд олон хүчин зүйлтэй холбоотой байх л даа, хамгийн наад зах нь эндхийн сургалтын систем нь Монголынхоос тэс ондоо болохоор дөнгөж ирэнгүүтээ сурсан надад бол анхандаа их төвөгтэй юм шиг санагддаг байлаа. Жижигхэн зүйл дээр төөрөлдөж, өөртөө яршиг төвөг удаж, сэтгэлээр унаж байсан тохиолдол алийг тэр гэхэв дээ.

Ингэж сурч байх үед унших зүйл маш ихтэй, хажуугаар нь бас янз бүрийн судалгааны ажил, paper бичих гээд, дээрээс нь орчин нөхцөлтэйгөө танилцах, хүмүүстэй ойлголцох, ядаж л гэрээ төөрөхгүй олохоос авхуулаад ер нь л их дарамттай байсан санагддаг юм. Өөрөө бол соёлын шоконд орсон гэж бодоогүй ч эргээд бодоход яг л тийм байсан юм билээ.

Дээрээс нь энэ хуваарийн хажуугаар бас би өөрөө их төрөл бүрийн зүйл рүү савсаганадаг, сонирхдог зантай болохоор бүр ч өөрийгөө lost болгочихож байгаа юм. Америкад ирснийх сэлж сурмаар ч юм шиг, төгөлдөр хуур дарж сурмаар ч болж байх шиг, гоё хоол хийдэг болмоор ч юм шиг, тэгснээ англиар төгс ярьж сурах зорилго ч тавьж байх шиг. За тэгээд л гадуур явж юм үзмээр, найзуудтайгаа гармаар, за тэгээд л gym-д явж, хүссэнээрээ турмаар ч байх шиг, хажуугаар нь бас ажил хийж, мөнгө олмоор байдаг гэх мэт энэ их олон ажил, хүсэл, зорилго дунд би өөрөө жинхэнээсээ lost амьтан болно биз дээ. Гэхдээ энэ байдлаа бүрэн шийдсэн гэж хэлэхгүй ч хэрхэн шийдэж байсан, байгаа аргаасаа хуваалцвал бас хэн нэгэнд тустай юм болов уу л гэж бодсон юм. Учир нь энэ олон хүсэл ганц надад биш, ихэнх хүмүүст байдаг юм байна гэдэг нь бас олзуурхууштай юм даа.

Олон хичээл зэрэг авах үед маш олон чухал deadline-уудыг бичих тэмдэглэх, санах шаардлагатай болдгийг оюутан байсан хүмүүс юу эс андахав. Ингэж тэмдэглэж байнга шалгахгүй бол аймаар хэцүү байдалд орно шүү дээ. Уг нь Монголд ажил хийдэг байхдаа бол календартай дэвтэр хөтлөөд явчихдаг байсан ба тэр нь ажлын онцлогод яг тохирч байсан юм. Харин Америкт оюутан болсноор би ажлын хувиараа өдрөөр эсвэл долоо хоногоор биш, харин улирлаар нэг мөсөн харах хэрэгтэй болсон юм. Тэр үед би үүнийгээ яаж шийдсэн бэ гэхлээр шууд цагаан цаасан дээр улирлынхаа саруудыг өдөртэй нь бичээд /нэг ёсны календарь хийж байгаа юм л даа/ тэр цаасан дээрээ хичээлтэй өдрүүдээ шараар тодруулаад, харин шалгалттай болон paper өгөх ёстой өдрөө болохоор улаанаар тэмдэглээд шаардлагатай бол дээр нь тэмдэглэгэээ бичдэг байсан юм. Тэгээд л бичгийн ширээнийхээ ард хадчихдаг байсан, энэ нь надад ямар ч орчин үеийн технологоос илүүтэй тус болдог байсан юм. Энэ аргаа бол би мастерийн сургалтаа дуустал нь ашигласан.

Харин өнөөдрийн тухайд бол арай өөр л дөө. Яахав, миний нөгөө олон хүсэл, мөрөөдөл, сониуч зан маань огт алга болоогүй, харин ч зарим нь илүүтэй хөгжсан байж ч мэдэх юм. Тэгэхээр нөгөө хувийн зохион байгуулалт, календарийн хөтлөлт маань бас л надтайгаа цуг байх л хэрэгтэй болж байгаа юм л даа. Одоо харин би юу хэрэглэж байна вэ гэхлээр гүүглийн календар. Gmail-ийн account-тай бол шууд календарь луу нь ороод чухал өдрүүдээ тэмдэглээд л шууд хэвлээд авахад аймаар амар юм байна лээ. Оюутан байхдаа үүнийг мэддэг байсан өчнөөн амар байхгүй юу. Миний нөгөө цаасан дээр өөрөө хийдэг календарийг маань л ийм хялбараар хийх боломж байна л даа. Одоо бол миний ширээний ард чухал өдрүүдээ тэмдэглэсэн календар өлгөөтай байна даа. Ингээд та бүхэн бас хувийн зохион байгуулалтаа хэрхэн хийдгээ хуваалцвал баяртай байна санж.

Friday, April 30, 2010

Миний замбараагүй хэрэглээ ба хэрхэн шийдэж байгаа байдал

Би уг нь их эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй, хяналттай байхыг их хичээдэг хүн л дээ, даанч ихэнхдээ үүнийхээ эсрэг байгаад байдаг талтай, олон ч удаа тэмцэхийг оролдсон доо, бүтэлтэйгээсээ бүтэлгүй нь олон. Гэхдээ “Огт хийдэггүй хүн юу ч алддаггүй” гэдэг шиг олон удаа оролдоод байвал бас хаад ганц нэг онох юм байхиймаа, ингээд эцсийн дүндээ бас ч гэж жаахан үр дүн байна аа.

Юу вэ гэхлээр өнөөдөр би санаандгүй yahoo-гийн мэдээ үзэж байсан чинь байнга санхүүгийн хувьд хасах байдаг хүмүүст маягийн гарчигтай юм байхаар нь үзлээ л дээ. Харин чиг их хэрэгтэй юм олж харлаа. Энд хувь хүмүүс өөрийнхөө санхүүг хянахад тустай сайтуудыг дурдсан байсан юм. Сониуч зандаа хөтлөгдөөд өгөгдсөн сайтуудыг нээж үзлээ, хамгийн энгийн бүтэцтэй нь бас таалагдсан нь http://www.mint.com/ байлаа. Энэ сайт нь миний бүх хэрэглээг ангилаад, анализ хийгээд гаргаад ирнэ гэнэ ээ. Би чинь одоо өөрөө тэрийгээ хийх гэж хэд хэдэн удаа оролдоод олигтой үр дүнд хүрээгүй хүн байгаа юм. Учир нь өнөөх банкныхаа хуулгыг харж ангилж нэмж хасна гэдэг наддаа л нэг өдрийн ажил болдог байлаа. Нэг хоёр удаа хийгээд, тэгээд залхаад хийх юмсан гэж бодсон ч сүүлийн үед бол огт хийгээгүй. Харин энэ сайт нь үүнийг автоматаар хийгээд өгнө гэхээр нь тун чиг их баярлалаа. Хувийн туслахтай болсноос ялгаа юу байхав, тийм биз дээ.

Ингээд sign up хийх гээд үзлээ, харамсалтай нь өнөө сайт чинь миний банкны ID, password-ыг асууж байх юм. Тун ч сэжигтай санагдаад шууд гүүглээр баахан энэ сайтны тухай хайж уншлаа, гол нь site security надад хамгийн чухал байсан юм. Зарим мэргэжлийн хүмүүс ч янз бүрийн л дүгнэлт өгсөн байна, гай болж тэр байгууллагад л нэг loser байж таарахгүй бол их л айхтар хамгаалалттай сайт болж таарлаа. Мөн хэрэглэж байгаа хүмүүсийн саналыг ч олж уншлаа, за за тэгээд тийм аймаар азгүй байна ч гэр юу байхав, тэгээд ч нэг их баян биш, миний хэдэн ногоон тэгтлээ хүний нүдэнд өртөхгүй биз гэж бодоод нөгөө сайт дээрээ account нээчихлээ.

Нээсний дараа бол гайхамшиг. Нөгөө хэдэн дансан дахь ногооноо хүссэнээрээ харж болж байна аа, сарын хэрэглээний зарцуулалтууд ангилагдаад гараад ирэх юм, саруудыг хооронд нь харьцуулж болж байна, бас болоогүй ээ, дүрс графикаар гараад ирж байна. Миний хамгийн их хэрэглээ хоол хүнс, бензинд л явдаг юм байна, энийгээ би мэдээд байсан юм аа. Юу вэ гэхлээр, би нэг л мэдэхэд хүнсний дэлгүүрт явж байдаг юм, хаашаа юм, явахгүй гэж бодоод байхад нэг мэдэхэд оччихсон, мөнгөө төлөөд л хэрэгтэй хэрэггүй юм аваад, зорилгоосоо хазайчихсан зогсож байх нь даанч олон доо, хөөрхий гэж. Одоо хөөрхий ингээд энэ анализийг ингээд сар сардаа хараад байхаар бас тэгж яваа ч уу, үгүй ч үү, тийм биз дээ. За юутай ч удаан хугацаанд хийхийг хүссэн зүйлээ их хялбар, найдвартай аргаар шийдэх арга зам олсондоо бол би happy байна оо.
Уншигч та хэрэв Америкд амьдардаг бол үүнийг хэрэглэхэд тун ч зүгээр сайт санагдсан шүү, харин эндээс өөр газар амьдардаг бол хэрэглэж болохгүй юм байна лээ. Гэхдээ Монголд одоо бас тиймэрхүү прогаммууд гараа байлгүй дээ. Ер нь бас “Хэдийг олох нь чухал биш, хэрхэн зарцуулах нь чухал” гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр та хэдийг олж байгаагаасаа үл хамааран өнөөдрөөс төсвөө хянаж сурвал бас л баяжихаа байг гэхэд ядуу тарчиг амьдрахгүйн нэг үндэс байх аа гэж би бодож байна. Та бүхэн бас төсвөө хэрхэн зохицуулдаг талаараа хуваалцвал тун ч сонирхолтой байна даг.

Amerikiin Mongol

Америкийн Монгол
Энэхүү блогийг нээсэн зорилго маань гэвэл хүмүүстэй энэхүү оронд хэрхэн ажиллаж, амьдарч байгаа талаараа хуваалцах, улмаар энэ нь цаашид ирж сурч амьдрахыг сонирхож буй хүмүүст бас хэрэгтэй юм болов уу гэж бодсон юм. Удаан хугацаанд тэр блог гэдэг зүйлийг хөтлөхсөн гэж бодсон ч өнөөдөр л зориг гарган нээлээ. Юутай ч блогоо идэвхтэй байлгах үүднээс 7 хоногт дор хаяаж 2 удаа шинээр бичлэг оруулахыг хичээнэ ээ.

Би гэдэг хүн энэ оронд ирээд уджээ. Зургаан жилийн хугацаанд муу ээж, ах, дүү нартайгаа уулзсангүй ээ. За миний хувийн амьдрал яахав, миний хувь хүний хувьд хэн бэ гэдэг чухал биш, харин Америк оронд амьдарч буй жирийн нэгэн юу бодож, яажшуухан амьдарч байгаа нь сонин шүү дээ. Би бусдын л нэгэн адил болохдоо болоод, болохгүйдээ болохгүй, амьдраад явж л байна. Гэхдээ муу амьдраагүй ээ, өөртөө сайхан л амьдарч байна. 6 жил юу эсэхийг үзэхэв, зөндөө л их юм үзлээ, алдлаа, ойлголоо, онолоо, ухаарлаа. Энэ бүхнээсээ хуваалцвал олон хүнд тустай байх байх даа.

За ингээд олныг үл нуршин үндсэн зүйлээ оръё доо.