Tuesday, June 1, 2010

Америкийн Монгол блог маань нэг сар хүрлээ

АмерикийнМонгол блог маань нээгдээд яг нэг сар боллоо. Юуны өмнө миний блогийг нэг сарын турш уншиж буй, уншсэн хүн бүрт баярласнаа илэрхийлье! Урьд нь ингэж нийтэд нээлттэй блог хөтөлж байсангүй, хувийн тэмдэглэл маягаар блогийг бол ашиглаж байсан. Харин энэ удаад хүнд хэрэгтэй, хүн уншихаар юм хийе гэж бодоод энэхүү блогийг хоёр сайт дээр нээсэн юм, нэг нь gogo.mn дээр, нөгөөх нь www.amerikiinmongol.blogspot.com. Энэ хугацаанд монгол сайт дээр нээсэн блогийн маань нийт хандалт 3272, харин блоггер дээрх хандалт 700-800 орчим хандалт ирсэн нь надад үргэлжлүүлж бичих их том сэдэл болж байлаа.

Нэг талаас энэ нь их том урам зориг болж байгаа ч, нөгөө талаас бичлэгээ чанартай, сонирхолтой байлгахыг хичээхийн хэрээр их цаг авдаг зүйл мэт санагдсан. Тиймээс олон жил блогоо тогтвортой хөтөлж байгаа хүмүүсийг хүндэтгэн ёслож байгаагаа бас энэ дашрамд бас илэрхийлье. Бичих бас хүнтэй юмаа хуваалцах гоё ч бас “such joy and pleasure come with its own price” гэдгийг илүүтэй ойлголоо доо.

Анх блогоо нээхдээ юу бичих, ямар зорилгоор нээж байгаагаа бол огт бодоогүй, эхний хоёр бичлэгээ оруулахад ганц хоёр цагийн л ажил болсон байх. Харин нээгээд хэсэг бичсэний дараа бол үүнийгээ эргэж харахад зорилго чиглэл маань гараад ирж байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ блогийн зорилго бол бусдад туслах, хэрэгтэй мэдээлэл өгөх, урам зориг өгөх. Нэг талаар чиглэл маань гарч байгаа нь сайн ч, бас нөгөө талаар блог маань их хайрцаглагдсан юм шиг мэдрэмж төрснийг нуух юун. Өөрөөр хэлбэл, би заавал хүнд хэрэгтэй юм хэлэх ёстой гэсэн мэдрэмж, бас бусдын хүлээлтийг төрүүлчихсэн юм шиг. Ингэснээр би юу бодсоноо, хүссэнээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө хязгаарлачихаж байгаа юм шиг санагдсан. Би үнэндээ тийм хүлээсэнд ормооргүй байгаа юм л даа. Та энэ тал дээр юу бодож байгаагаа зөвлөж хайрлавал их баярлахаар байна даа.

Яг үнэндээ хүмүүс миний блог руу их ордог ч сэтгэгдэл бага үлдээдэг юм шиг санагдсан. Хүнд хэрэгтэй юм бичье гэж зорьж байгаа болохоор бусдад хэр зэрэг тус болж байгаа эсвэл үгүй тал дээр сонсвол тун хэрэгтэй байна даа. Үнэндээ хайран цагаа зориулж байгаа зүйл маань бусдад тийм ч хэрэгтэй эсвэл тустай биш байгаа бол үүнийг үргэлжлүүлэх нь бас илүүц гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Ийм учраас хэрэв та миний блогийг уншдаг бол би яагаад энэ блогийг үргэлжлүүлэх ёстой тал дээр өөрийн саналаа үлдээнэ үү. Та бүхний хариулт, зөвлөгөө энэ блогийг цаашид үргэлжлэх эсэхэд тун ч их үүрэг гүйцэтгэх болно.

Хүндэтгэсэн,

Америкийн Монгол

Saturday, May 29, 2010

Англи хэлний хичээл: TO BE VERB

Англи хэлийг яавал амархан сурах вэ гэдэг асуултыг мөн ч олон удаа сонссон доо. Тэгэхлээр энэ ойлголтод яавал үр бүтээлтэй сурах вэ гэсэн зүйл хамгийн төвд нь явах юм шиг санагдаж байна. Үүнд хувь хүний хичээл чармайлтаас гадна сайн багшийн сайн хичээл бас голлох үүрэг гүйцэтгэх билээ. Энэхүү бичлэгээр толилуулж буй Женифер багшийн хичээл интернетээс олж болох маш сайн хичээлүүдийн нэг санагдсан. Хайлт хийвэл сайн хичээл олон бий ч анхан болон дунд шатны суралцагсад тэр бүр сайн хичээлийг олж чадахгүй, оллоо ч ямар дарааллаар үзэхээ мэдэхгүй гэх мэт асуудлууд бий билээ. Ингээд түүний хичээлүүдээс дүрмийн хичээлийг түүвэрлэн зохих дарааллаар оруулъя гэж бодлоо.

Аливаа хэлээр зөв, сайн ярьж сурахад үгийн баялаг, дуудлага зэргээс гадна дүрмийн мэдлэг их чухал санагддаг. Англи хэлний дүрэм энгийн боловч олон хүн энэ тал дээр толгой нь эргэсэн, учраа олоогүй байх нь элбэг. Иймээс дээрх багшийн хичээлийг оруулахдаа өөрийн тайлбартай хавсран оруулахаар шийдлээ.

Энэхүү хичээл нь TO BE үйл үг гэж юу болох, яаж хувирдаг болон өгүүлбэрт хэрхэн хэрэглэх тухай заасан болно. Тус багшийн хичээлийн гол агуулгыг дор улаанаар мөн орууллаа. Нэг зүйлийг сануулахад гадаад хэлний дүрмийн мэдлэгийг эзэмшихэд эх хэлний дүрмийн суурь мэдлэг чухал тул монгол хэлний суурь зарим ойлголтуудыг маш энгийнээр тайлбарлахыг бас хичээлээ.

Өгүүлбэр = Үйлийн эзэн +үйл үг
Үйлийн эзэн = нэр үг болон төлөөний нэр
Нэр үг = хэн? юу? гэсэн асуултад хариулагдах үг
Төлөөний нэр = би, чи, та, тэр, бид, та нар, тэд
Is= бол, байна. Жишээ нь: This is an apple. Энэ бол алим.
Singular noun = ганц тоон дээрх нэр үг. Жишээ нь an apple
Plural = олон тоо
Affimative form = батлах өгүүлбэр, батлах төлөв
Contractions – хураангуйлал, товчлол. Жишээ нь: I am =I’m
Negative = үгүйсгэх хэлбэр
Statements – өгүүлбэр гэсэн утгаар явж байна.

Өнөөдрийн хичээлийн дүгнэлт:
To be verb-ийн одоо цагийн батлах болон үгүйсгэх төлөвийг үзсэн. Үүнд:
Affirmative form:
I am
S/he/it is
We/you/they

Negative form:
I am not
S/he/it is not
We/you/they are not



Доорх өгөгдсөн зайд тэмдэглэгээгээ хийж болно.



За тэгээд энэхүү хичээл ямархуу байв, хажуугаарх миний хийсэн нэмэлт тайлбар, тэмдэглэл хэр тус болж байгаа тал дээр саналаа үлдээвэл дараа дараагийн хичээлд анхаарамз.

Thursday, May 27, 2010

Мэргэжлээ бодолтой сонгоорой

Өнөөдөр бас yahoo-гийн мэдээнээс харсан нэгэн хэрэгтэй мэдээллээ хуваалцаж байна. Энэхүү мэдээлэл илүүтэй мэргэжлээ сонгох гэж байгаа, эсвэл өөрчлөхийг хүсч байгаа хүмүүст хамаатай байх аа.

Энэхүү нийтлэл нь ойрын арван жилд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлийн жагсаалтыг гаргажээ. Чадах ядахаараа монголчиллоо, ойлгохгүй бол англиар нь yahoogaas хараарай.Үүнд:

· Биоанагаахын инженер
· Сүлжээний системийн аналист
· Гэрийн орчинд хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламж
· Хувийн болон гэр ахуйн арчилгааны тусламж
· Санхүүгийн шалгагчид бодвол аудиттай төстэй юм болов уу
· Анагаахын шинжлэх ухааны ажилтан
· Эмчийн туслах
· Арьс арчилгааны мэргэжилтэн
· Биохимич, биофизикч
· Биеийн тамирын дасгалжуулагч

Wednesday, May 26, 2010

Амттай хоол идмээр байна уу?

Ерөөсөө энэ удаа янз бүрийн илүү дутуу сэдвээ орхиод хоолны тухай ярихаар шийдлээ. Учир нь бас нэг найз маань чухам л тэр үхрийн өвчүү чанадаг аргаа зааж өг гээд уулзах, ярих болгондоо л үглээд байгаамаа. Мэдээж би мэргэжлийн тогооч биш, харин амттай хоол хийх дуртай нэгэн. Миний блог гэж юм юмны л холион болж байна даа. Гэхдээ энд нэг ерөнхий чиг байгаа, энэ бол бусадтай мэдсэнээ, сонссоноо хуваалцах, бусдад урам зориг өгөх. Ерөөсөө л миний блогийн зорилго энэ юм билээ.

Би нээрээ хоол хийх их дуртай. Сайхан зантай үедээ амттай хоол хийж найз нараа дайлах дуртай. Нэг гэм нь бас муухай ааштай үе бий, гэхдээ үүнд бас учир бий тул энэ талаар олон хэрэггүй юм ярихаа орхиё. Би гэдэг хүн Америкт ирээд гэрийн эзэгтэй болсон юм. Энэ хугацаанд хүссэн ч, хүсээгүй ч хийх ёстой нэг зүйл маань бол бараг орой бүр хоол хийх явдал, заримдаа ч залхмаар! За тэр гомдол ч яахав. Америк орныг хоол муутай л гэдэг, хүмүүс нь дандаа junk food иддэг л гэдэг. Харин миний тухайд энэ нь их өрөөсгөл ойлголт санагддаг. Би энд ирснээрээ харин ч олон төрлийн ногоо, олон орны хоол, түүнийг хийх арга гэх мэтийн зах зухыг чухам энэ орноос л мэдэж авсан.

За тэгэхлээр миний хийдэг хоолноос манай найз нарын хамгийн идэх дуртай хоолны нэг бол үхрийн шарсан өвчүү. Заавал өвчүү гэлтгүй зүгээр чанаж идэх махыг мөн ийм аргаар шарахад бас илүү амттай болдог юм билээ. Тэгэхлээр энд над шиг хоол хийх дуртай нэгэн байвал гэрийнхэндээ, найзууддаа зориулж энэ хоолыг хийж өгвөл бас л гоё доо. Ялангуяа чиний хичээж хийсэн хоолыг нөгөө хүн хэрхэн амталж, таашааж байгааг харах чинь тогооч хүний жаргал биш гэж үү?

Миний хамгийн дуртай тогооч нарын дунд нэгт явдаг хүн бол Инна Гартен билээ. Түүний түүхээс товч дурдваас тэрээр залуу ахуй үедээ Цагаан Ордонд төсвийн аналистийн ажил эрхэлж байсан нэгэн ажээ. Гэсэн хэдий ч тэрээр хоол хийх сонирхолдоо хөтлөгдөн ажлаа орхисон ба эдүгээ Америкийн алдартай тогооч нарын нэг болсон юм. Та түүний талаарх дэлгэрэхгүй мэдээллийг дараах холбоос дээр дарж уншиж болно. http://www.foodnetwork.com/chefs/ina-garten/index.html Тэрээр хоолны талаар мэргэжлийн ямар ч сургууль дүүргээгүй бөгаад аливаа хоолны номуудыг зааврыг даган хоол хийж сурч эдүгээгийн их өндөрлөгийнхөө гарааг эхэлжээ.

За үхрийн шарсан өвчүүг бэлтгэхэд хэрэгтэй орц:
• 3 кг (6-7 pounds) орчим үхрийн өвчүү
• 2 амны том халбага (tablespoon)кошер давс (жирийн давс арай бага орох байх)
• 2 амны жижиг халбага хар перец
• 1 амны том халбага нухсан сармис (4 толгой)
• 2 амны жижиг халбага хатаасан oregano leaves (sorry, монголоор юу гэдгийг нь мэдэхгүй юм, мэдэх хүн байвал хэлж туслаарай.)
• 1 паунд буюу 450 oрчим грам арилгасан, 5 см орчим урттай хэрчсэн лууван
• 8 ширхэг 5 смийн урттай хэрчсэн celery, хэрэв би буруу санаагүй бол монголоор жууцай гэсэн байхаа.
• 6 ширхэг арилгасан, хагас саран хэлбэртэй хэрчсэн сонгино
• 6 ш лаврын навч
• 1 лааз томатны соус

Заавар

Зуухаа 350 (F) хэм дээр халаана.Цельсийнхээр буюу Монголынхоор бол 176 орчим хэм дээр тавьж шарах зуухаа халаана. Эхлээд жижиг аяганд давс, перец, сармис, орегано зэрэг амтлагчуудаа хуурайгаар нь хольж, түүнийгээ өвчүүнийхээ гадуур түрхэж өгнө. (Би хийхдээ өвчүүгээ 4-5 орчим смийн өргөнтэй хэрчээд, тэдгээрийнхээ эргэн тойронд дээрх амтлагчуудаа үрж, түрхдэг). Тэгээд шууд хайруулын тавганд амтлагч түрхсэн махаа сайхан бор шаргал болтол тал талаас нь шардаг. Зөвхөн өнгө хувиргах төдий.

Үүний шарах тавгандаа өвчүүгээ байрлуулж, хажуугаар нь ногоонуудаа завсар зайгаар нь өрнө. Тэгээд дээрээс нь томасны соусаа асгана. Соус чинь мах ногооны бүх хэсэгт хүрсэн байх хэрэгтэй. Түрхэх маягаар хүргээрэй. За тэгээд тавгаа мөнгөлөг цаасаар битүү бүрээд шарах зууханд гурваас гурван цаг гучин минут шарна. Харин танд ойлгоход хүндрэлтэй зүйл байвал youtube-ээс ч юм уу Beef brisket, oven fry гэж хайгаад бас видео үзвэл илүү ойлгомжтой байж магадгүй. Би Иннагийн видеог хайгаад олсонгүй. Уг нь бол би өөрөө зурагтаар харж байсан юмаа.

Сайхан хооллоорой!

Monday, May 24, 2010

94-тэй эмэгтэй их сургуулийн диплом гардан авлаа

Ахдаа зориулав :) !

Саяхан yahoo-гийн мэдээнээс санаандгүй их гоё юм уншаад та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Америкчууд “it is better late than never” гэж ярьдаг. Энэ нь хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр гэсэн утгатай үг л дээ. Үнэхээр энэ үгийг батлах мэт Калифорни мужийн Оакланд хотын оршин суугч 94 настай Хазел Сорес нь Оакланд хотын эмэгтэйчүүдийн сургууль болох Миллс Коллежийн 500 төгсөгчийн нэг нь байж, төгсөлтийн баярын үеэр дипломоо гардан авчээ. Дээрх зурган дээр 94 настай Hazel Soares ангийнхантайгаа төгсөлтийн баярын өмнө зургаа авхуулж байгаа нь юм.

“Үүнд хүрэхэд надад нэлээд цаг шаардагдлаа, учир нь би дэндүү завгүй амьдралтай байлаа. Эцсийн дүндээ хүссэндээ хүрсэндээ би сэтгэл хангалуун байна” хэмээн тэр хэлжээ. Сорес нь зургаан хүүхэдтэй, дөч гаруй ач гучтай тэрээр коллеж төгссөн хамгийн настай хүмүүсээс дэлхийд хоёрт орж байгаа ажээ.

Харин Канзас мужийн Нола Очс нь Форт Хэйсийн Улсын Их Сургуульд одоогоос гурванжилийн өмнө буюу 95 тайдаа элсэн орсон нь Геннисийн номд бүртгэгджээ. Тэрээр одоо 98тай ба саяхан мастерийн зэргээ хүртэхдээ шилдэг оюутнуудын тоонд оржээ.

Сорес нь Калифорни мужийн Ричмонд хотод 1915 онд төрсөн ба ахлах сургуулиа 1932 онд төгссөний дараа коллежид сургуульд сурахыг хүссэн боловч их хямралын үе таарсан тул чадаагүй ажээ. “Хэн нэгэн чамд туслахгүй л бол коллежид сурна гэдэг боломжгүй зүйл байлаа. Гэхдээ би сурах хүслээ хэзээ ч алдаагүй” хэмээн Сорес хэлжээ.
Сорес хоёр удаа гэрлэж, зургаан хүүхэд өсгөсөн ба тэтгэвэрт гарахаас өмнө сувилагч, зохион байгуулагчийн ажил хийж байжээ. Түүний бага охин Режина нь “Бид ээжийгээ гайхаж, бас түүгээр бахархаж байна” хэмээгээд “Эндээс сурсан хамгийн том зүйл бол сурахад хэзээ ч оройтдоггүйг ухаарсан явдал юм” гэжээ.

Сорес нэгэнт бакалаврын зэргээ авсан тул амрах төлөвлөгөөгүй байгаа ба Сан Франциско хотын музейд ажиллахыг хүсч байгаа ажээ. Түүний туршлагаас бусад хүмүүс суралцаж, сурахад хэзээ ч оройтдоггүй гэдгийг ойлгоосой гэж тэр хүсч байгаа ажээ. “Яагаад буцаад коллежид сурч болохгүй гэж? Зарим хүмүүс дэндүү оройтсон, эсвэл дэндүү хэцүү гэсэн шалтгаанаар бууж өгдөг, эсвэл хойшлуулдаг. Гэтэл яг сураад эхлэхэд сургуульд сурах нь үнэхээр хөгжилтэй, сайхан зүйл гэдгийг тэд мэдэхгүй байж мэдэх юм” хэмээн манай нийтлэлийн баатар хэлжээ.

Thursday, May 20, 2010

Хайран цагаа хэр зөв зарцуулж байна даа?

Яг үнэндээ та бүхэнтэй хуваалцах зүйл зөндөө байна аа, гэхдээ заримдаа алийг нь сонгохоо мэдэхгүй байх гэдэг нэг “happy problem” байхиймаа. Бичих юм ихтэйдээ биш л дээ, энд тэндээс үзсэн дуулсан зүйлсээсээ хуваалцах тухайд ярьж байна. Нэгэнт энэ долоо хоногийн блогууд маань ихэнхдээ бусад хүмүүсийн бичлэгүүдийг тавьсан болохоор үүнийхээ үргэлжлэл болгон Ранди Поосч агсаны хамгийн нэртэй лекц болох “Time management”-ийг youtubees тавьж байна.

Ер нь ямар ч хүний хувьд өгөгдсөн хорин дөрвөн цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг чухал асуудал гэдэгтэй хэн ч маргашгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэхүү лекц нь чухам танд өгөгдсөн цагаа хэрхэн зөв зохицуулах вэ гэдэг талаар танд маш үнэтэй зөвлөгөөг өгсөн юм. Энэхүү лекцээс өөрт чухал санагдсан зарим ойлголтоос хуваалцвал:

• 80 x 20 –ийн харьцааны талаарх ойлголт юм. Энэ нь нийгмийн наян хувийн баялагийг нийт хүн амын хорин хувь эзэмшдэг гэсэн судалгаанаас үүдэлтэй ойлголт юм. Тэрээр энэхүү ойлголтыг цагийн менежменттэй харьцуулахдаа 80 x 20 –ийн харьцаа бас үүн дээр гарч байгааг илэрхийлжээ. Юу вэ гэхлээр бидний байнга хийдэг өдөр тутмын ажлын хорин хувь нь л бидний амьдралын наян хувьд нэмэр болохуйц зүйл байдаг ба үлдсэн наян хувийг бид хорин хувийн хэрэгтэй зүйлд зарцуулдаг гэсэн санаа юм (иймэрхүү л санаа байсан санагдаж байна, хэд хоногийн өмнө үзсэн болохоор нарийн сайн санахгүй байна).

• Иймээс дээрхээс үүдэн бид хийж байгаа ажлаа чухалыг чухал бусаас ялгах хэрэгтэй гэсэн санааг хэлсэн ба үүндээ Covey’s 4 quadrant буюу Ковийн хүснэгтийг санал болгоно лээ. Энэ нь аливаа хийх ажлуудаа: 1). Чухал бөгөөд хугацаа нь тулсан 2). Чухал бус бөгөөд хугацаа нь тулсан, 3). Чухал бөгөөд хугацаа нь болоогүй, 4). Чухал биш бөгөөд хугацаа нь болоогүй хэмээн гэж дөрөв ангилан хийж сурах хэрэгтэй зөвлөсөн юм.

• Бас нөгөө талаар хэдэн хэдэн монитор нь бас ажлын бүтээмж сайжруулах талаар дурдана лээ. Бас цаасуудаа зохион байгууллалттай хадгалж сурах, спеекертэй утасны давуу тал болон өөрийнхөө цагийг хянах тухай гэх мэт олон хэрэгтэй зүйл зөвлөж байна лээ. Миний хувьд энэ сүүлчийнх нь бас чухал санаа байлаа. Учир нь би миний цаг хаашаа урсчив гэмээр алга болдог юм, ингээд би дээрх лекцийг үзсэний дараа гүүглээр time management log, time sheet ч билүү гээд хайхад энэ багшийн үзүүлж байгаа хүснэгт гарч ирж байна лээ. Өдрийнхөө мониторинг хийж үзсээн. Тэгээд би бол ер нь тухайн өдрөө төлөвлөөгүй үедээ цагийг би их дэмий үрдгээ мэдэж авсан юм.

За тэгээд энэхүү бичлэгийн үзэхдээ мөн л урьдын адил бас англи хэлнийхээ сонсголын дасгал болгон ашиглахад бас болохгүй зүйлгүй билээ. Энэ удаад энэ лекцийг subtitle-тай нь олж чадсангүй, гэвч та сонсон мэдэхгүй үг эсвэл мэдэхийг хүссэн үгээ видеог үзэнгээ өгөдсөн зайд бичиж тэмдэглээрэй. Ингэснээр та босч цаас, харандаа хайх хэрэггүй болж байгаа юм л даа.

За ингээд enjoy!


Та видеог үзэнгээ доорх өгөдсөн зайд мэдэхгүй үгээ тэмдэглэн, үзэж дууссаныхаа дараа толь бичгээс үзээрэй.

Wednesday, May 19, 2010

Yahoo company-ийн инженер Мягмарын Сувдмаатай хийсэн ярилцлага

Юутай ч миний блогийг идэвхтэй уншиж буй блогчиддоо энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Түрүүчийн блогтоо Yahoo company-д инженерийн ажил эрхэлдэг Мягмарын Сувдмаа хэмээх бүсгүйн оюутан сурагчдад зориулж бичсэн зөвлөмжүүдийг толилуулсан билээ. Харин энэ удаа www.medeelel.com cайт дээр тавигдсан Монголын Үндэсний Телевизийн ММ Агентлагийн ерөнхий редактор, сэтгүүлч Цэрэндоогийн Мөнхтөрийн түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна. Та доорх линкэн дээр дарж ярилцлагыг үзээрэй. http://medeelel.com/tv/index.php?option=com_medeelelvideo&Itemid=145&func=detail&id=1449

Tuesday, May 18, 2010

Америкт хэрхэн үнэгүй суралцах вэ?

Америк оронд сурч амьдрах завшаан хүн бүрт бий гэж би боддог. Харин үүнийг хэрэгжүүлэх, амьдруулах эсэх нь зөвхөн танаас, таны хичээл чармайлтаас шалтгаалах билээ. Харин энэ удаагийн блогоороо энэхүү оронд өөрийн чадлаараа тэтгэлэг олж суралцан, эрдэм мэдлэг, амжилт бүтээлийн оргилд хүрсэн нэгэн болох Yahoo company-д инженерийн ажил эрхэлдэг Мягмарын Сувдмаагийн оюутан, сурагчид хандаж бичсэн зөвлөгөөнөөс толилуулж байна. Тун ч амьдралтай, зөвлөгөөнүүдийг би дээр үед уншиж байснаа сая хайж оллоо. Зохиогчийн эрхийг хүндлэх үүднээс холбогдох сайтуудын линкүүдийг байрлууллаа.

Хатагтай Сувдмаагийн “Америкийн их дээд сургуулиудад 9 жилүнэгүй сурсан минь” хэмээх нийтлэлдээ анх Монголоос хэрхэн яаж ирснээс авхуулаад энд хэрхэн яаж, үнэгүй суралцсан талаараа маш сонирхолтой, хэрэгтэй зөвлөгөөг оруулсан дэлгэрэнгүй бичлэгийг дараань линкээс дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=13

Харин дараагийнх нь нийтлэл “Дүү маань Америкийн их сургуульд 4 жил үнэгүй сурсан нь”юм. Энэхүү нийтлэлдээ өөрөө Америкт ирснийхээ дараа дүүгээ хэрхэн авчирч, шалгалтад бэлдүүлэн, улмаар сургуульд сургасан талаараа маш дэлгэрэнгүй бичжээ. Дараахь линкэн дээр дарж энэхүү бичлэгийг уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=14

Бас нэг хэрэгтэй зөвлөгөө нь “High School Төгсөгч: Коллежид ормоор байна, арга байна уу?” гэсэн гарчигтай ахлах сургууль төгсч буй хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө ба энэ нь Монголд байгаа төдийгүй энд байгаа хүмүүст ч маш хэрэгтэй зөвлөгөө болсон байна лээ. Та дараахь линкэн дээр дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=18

Хатагтай Сувдмаагийн өөр нэг хэрэгтэй зөвлөгөө бүхий нийтлэл нь “Их сургуулийн бэлтгэлд ямар ном хэрэглэх вэ?” гэсэн гарчигтай ба энд Америкийн их дээд сургуульд элсэн ороход бэлтгэдэг номуудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг, зураг хөрөгтэй нь оруулсан байна лээ. Та дараахь линкэн дээр дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=29

За ингээд энэ бүх туршлага, сургамжаа ийм сайхан илэн далангүй, дэлгэрэнгүй хуваалцаж, сэтгэл зүтгэл гарган уртаас урт зөвлөмжүүдийг Монголчууддаа зориулж бичсэн хатагтай Мягмарын Сувдмаадаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд, блогоороо дамжуулан уншигч олон оюутан залуусынхаа өмнөөс амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсье.

Saturday, May 15, 2010

Гайхамшигийн туйл: Ранди Поосч багш

Last lecture” хэмээх лекцээрээ хоёр жилийн өмнө youtube sensation болж байсан Randy Pausch (10/23/1960-07/25/2008) хэмээх нэгэн эрхэм хүний лекцийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Магадгүй, энэ хүний талаар сонссон мэдсэн нэгэн байхад мэдээгүй, сонсоогүй нь бас олонтоо бий болов уу гэсэн үүднээс үүнийг толилуулж байна.

Тэрээр Carnegie Mellon University ийн компьютер, график дизайны багш байсан ба 2006 оны 6 дугаар сард нойр булчирхайн хавдараар өвдсөнөө мэдсэн юм. Тэрээр 2007 оны 9 сарын 18нд “Сүүлчийн лекц: Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөлд хүрэх нь” нэртэй лекцийг сургууль дээрээ тавьсан ба энэхүү лекц нь youtube дээр тавигдан олны анхаарал татаж, улмаар олон тооны телевизийн нэвтрүүлгүүдэд уригдаж оролцож байсан юм. Дараа нь тэрээр “Сүүлчийн лекц” нэртэй ном хэвлүүлэн гаргасан нь New York Times bestseller /хамгийн их зарагдсан ном/ болсон юм. Тэрээр миний амьдралдаа харсан ховорхон өөдрөг, гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Түүнийх шиг амьдралд хандах хандлага, хөдөлмөр, замаар ямар ч хүн хүссэндээ хүрч, гайхалтай амьдралыг цогцлоож болно гэдгийг тэрээр өөрийн амьдралаар тод харуулсан ба энэ талаар лекцэндээ тодорхой өгүүлдэг. Энэ бүхэн дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл нь энэ багшийн амьдрал үхлийн ирмэгт ирчихсэн байхад хүртэл өөдрөг чанараа алдалгүй, харин ч хүмүүст амьдралын үнэ цэнэ, сайн сайхныг лекцлээд зогсож чадаж байгаа нь тэр чигээрээ гайхамшиг санагдсаныг нуух юун. Энэхүү лекцаас та бүхэн маш их урам зориг авна гэдэгт би ихэд итгэлтэй байна. Ранди багш нойр булчирхайн өвчний улмаас 2008 оны 7 сарын 25нд таалал төгссөн юм.

Би доорх лекцийг товчилж орчуулж тавихыг бодсон боловч арай л дэндүү эрт, сунжирсан ажил болох төлөвтэй. Аягүй бол бүр тавихгүй байдалд ч хүрч мэдэх тул шууд subtitleтай бичлэгийг олж тавьлаа. Яг үнэндээ subtitle-тай англи нэвтрүүлэг, кино үзэх нь хэлээ сайжруулах, ялангуяа сонсох чадвараа хөгжүүлэхэд тустай аргуудын нэг билээ. Нэгэн зүйлийг сануулж хэлэхэд доох видеог үзэхдээ мэдэхгүй үг бүрийг бичиж авах, орчуулахаас аль болох татгалзаарай. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа юу вэ гэхлээр нэг мөсөн дайрах хандлагатай байдаг буюу мэдэхгүй үгийнхээ хэдэн хуудас жагсаалтыг гаргадаг. Ингээд тэрийгээ толь бичгээс харах нь бий, харахгүй орхих нь ч бий. Энэ нь нөгөөх л сурах аргыг эзэмшээгүйтэй холбоотой билээ.

Үгийн түвшинд анхаарахаасаа илүү, ерөнхий утганд анхаарлаа хандуулж, байнга давтагдаж байгаа эсвэл тухайн ярианы хэсгийн гол утгыг тээж байгаа үгийг өгөгдсөн зайд тэмдэглэж аваад, видеог үзсэнийхээ дараа толь бичгээс хараарай. Үүний дараа дахин үзэхэд таны ойлголтын түвшин урьдахаасаа нэмэгдсэн байх нь гарцаагүй. Ийм байдлаар системтэй, нэг үзсэн зүйлээ дахин дахин үзэж, урд үзсэн мэдэх үгээ орхиж, шинэ үгийг тэмдэглэн авбаас зүгээр нэг үзсэнээс илүү үр дүнтэй байх болно. Харин нэг удаа үзэхдээ шинэ үгийн тоогоо 15-20 үгээс бүү хэтрүүлээрэй. Дахин хэлэхэд шинэ үг тань олон давтагдаж байгаа гол үгсийн жагсаалт байх ёстой. Яг үнэндээ IBT болон бусад төрлийн англи хэлний шалгалтууд дээр уншихад ч, сонсоход ч guess буюу таах, контекстоос нь тааж ойлгох чадварыг ихэд шаарддаг билээ. Иймд мэдэж байгаа үгэн дээрээ үндэслэн таах чадвараа сайжруулах дасгал гэж ойлгон бусад үгсийг орхиорой.

Магадгүй, үүнийг сурагч болон оюутнууд уншиж байгаа ба видеог англиар ойлгоход төвөгтэй байвал англи хэлний багшдаа санал тавьж, англи хэлний хичээлийнхээ хэсэг болгож, үзэхэд буруудах зүйл огт байхгүй билээ. За ингээд олон үгээ орхиё.

Та бүхэн тавлан сууж, тухлан үзнэ үү.



Видеог үзэнгээ мэдэхгүй үгээ доорх өгөгдсөн зайд тэмдэглэж аваарай.


Thursday, May 13, 2010

Миний анд – Straight “A” student

Монголд байхдаа нэгэн их сургуульд сурч байлаа. Тэр үед надад нэг найз байдаг байсан юм, түүнийгээ би “Я” гээд нэрлэчихье. “Я” маань манай ангийн төдийгүй, манай сургуулийн тэргүүн оюутан байлаа. Угаасаа түүний гадна төрх ч тэр, биеэ авч явах байдал ч тэрийгээ илтгэдэг, нэг их том хар хүрээтэй нүдний шил зүүсэн, номын сангаас салдаггүй нөхөр байсан юм.

Харин миний тухайд тийм байгаагүй ээ, байдаг л нэгэн байсан. 10 жилийн ахлах ангийн сурагч байхдаа дээд сургуульд орвол миний амьдрал болоод явчихна гэж ойлгосон. Тэгээд ч тэрнийхээ төлөө нэг хэсэг нойр хоолгүй суусан даа, үр дүн нь гарч гайгүй сургуульд орсоон, орсон. Миний амьдралын хамгийн баярт мөчүүдийн нэг л дээ. Тэгээд яахав, хүссэн юмандаа орсон хүн чинь санаа амардаг юм байна, дээрээс нь хэрхэн, яаж сурах талаар ямар нэг ойлголт, чиглэл, туршлага, зааваргүй хүн чинь дураараа дургина биз дээ.

Дээд сургуульд явахад ээж маань нэг л үгийг учиргүй их захиж байсан юм. За “Охин минь, сургуулиа төгсөтлөө хүнтэй сууж, хүүхэд гаргаж болохгүй шүү” гэж мөн ч олон удаа захьсан даа. Ерөөсөө дээд сургуульд сурахад надад нэг л заавар ирсэн, тэр нь энэ. Тэгэхээр ганц анхаарах ёстой юм бол энэ юм байна гээд ойлгочихож байгаа юм. Бодвол өсвөр насандаа банди нартай их нийлдэг байсантэй холбоотой байж ч мэдэх юм. Тэгээд яахав, ээжийн захиасыг биелүүлсэн дээ. Мэдээж, залуу халуун нас, сонирхоно, шохоорхоно, таалагдана, юм юм байна ш дээ, гэхдийн ээжийн энэ захиас зүрхэнд аймаар гүн хадагдсан юм шиг байгаа юм. Юун хүнтэй суух, хүүхэд гаргах, хүнтэй ч дорвитой үерхээгүй ш дээ. Харамсмаар ч юм шиг.

За тэр яахав. Манай их сургуулийн ангийн нөгөө “Я”, түүнийхээ тухай бичих гэж байгаад л хадуурчих юмаа, би гэж хүн. Тэр бид хоёр хоёрдугаар курсээсээ оюутны байрны нэг өрөөнд амьдардаг болов оо. Би гэж хүн бол нэгдүгээр курстээ бол өөртөө л танхай явлаа, юу вэ гэхлээр хичээл хийхгүй, болох болохгүй хүмүүстэй нийлж, дандаа наргина, хичээлдээ хоцроно. Гэхдээ тэр амьдралын хэв маяг надад нэг л таалагдахгүй байсан юм. Нөгөө нийлдэг журмын нөхөдтэй цагийг өнгөрөөх бол зугаатай л даа, даанч нөгөө хичээл, даалгавар, дүн гэх мэт зүйл чинь хөөрхөн толгойны өвчин болно ш дээ. Тэгээд номын санд бас хааяа суух гэж, биеэ дайчлах гэж оролдоно ш дээ, журмын нөхөд маань элдвээр гоочлохоор бас сайн тэгж явж чадахгүй ээ. Эндээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхлээр ерөөсөө би орчноо өөрчлөхгүйгээр юунд ч хүрэхгүй юм байна гэдэг нь тодорхой болж байгаа юм.

Ингээд л нөгөө “Я”-тай гэртээ ч цуг, анги дээр ч цугтаа. Тэр маань яахав, сурахын төлөө төрсөн хүн юм болохоор яс л сурч байна. Би амьдралдаа тэгж хичээл хийдэг хүн одоо ч хараагүй, аймаар, бүр биеэ өвдтөл сууна. Тэгээд юу гэдэг гээч, “Одоо ингээд 20 ч билүү, 30 минут унтчихвал л зүгээр болчихно” гэнэ, тэгээд яг сэрүүлэгтэй юм шиг хэлсэн цагтаа унтаад босоод ирнэ. Босч ирээд, үргэлжлүүлээд сууна. Юу вэ, би бол ангайж байгаа юм чинь, би бүр үнэхээр гайхдаг байсан, энэ хүний ингэж сурах сэдэл нь юу вэ гэдэг миний хувьд оньсого байлаа.

Гэхдээ “Я”-г эргээд бодоход тэр маань тодорхой түвшинд сурах арга барилыг эзэмшсэн хүн байсан юм байна гэдгийг бол харж байгаа юм. Нэгдүгээрт, түүнд хөтөч байж, түүний аав нь багш хүн байсан бөгөөд байнга охиндоо урт захидал илгээдэг байсан юм. Би уншиж байгаагүй л дээ, гэхдээ л охиндоо яаж сурах талаар их зөвлөдөг байсан санагддаг. Хоёрдугаарт, түүнд хүүхэд байхаас төлөвшсөн хичээл хийх, зуршил хүмүүжил байсан юм. Тэрээр над шиг би яагаад үүнийг хийх ёстой юм, үүнийг хийх миний амьдралд ямар хэрэгтэй юм гэх зэрэг олон юм огт боддоггүй,алмайрдаггүй, хойшлуулдаггүй, шууд л төвлөрдөг, хийдэг тийм л оюутан байсан даа. Одоо ч байгаа даа, одоо найз маань Японд мастер хийж байгаа.

Тийм оюутны хажууд байхаар хүн дагадаг л юм билээ. Миний нөгөө нэгдүгээр курсдээ арай ядан авч байсан B, заримдаа C ч авах үе бишгүй байсан, хоёрдугаар курсээс шууд онц болсон шүү дээ. Би аймаар тод санадаг юм, хоёрдугаар курсийн эхний улирлаар /семестр юм даа/ онц гарч, өөртөө их баярлаж урамтай байж билээ. Бас Бурхан болсон аавдаа хэлсэн амандаа хүрсэндээ бүр ч их баяртай байсан даа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхлээр орчин бүрдвэл хүн хийдэг юм билээ гэж.

Нээрээ дараагийн блогтоо эрхэм анд “Я”-гийхаа англи хэлний үндсэн цагуудыг хэрхэн ойлгож, тогтоож байсан аргаас нь хуваалцана аа. Түүнээс сурсан хамгийн гол зүйлийн нэг. Манай нөгөө олон “хөөрхөн” амбицтай нөхөрт ч хэрэгтэй байх. Дандаа л цаг дээр төөрөөд байна гэж яриад байдаг юм. Танд ч бас хэрэгтэй байх.