Tuesday, June 1, 2010

Америкийн Монгол блог маань нэг сар хүрлээ

АмерикийнМонгол блог маань нээгдээд яг нэг сар боллоо. Юуны өмнө миний блогийг нэг сарын турш уншиж буй, уншсэн хүн бүрт баярласнаа илэрхийлье! Урьд нь ингэж нийтэд нээлттэй блог хөтөлж байсангүй, хувийн тэмдэглэл маягаар блогийг бол ашиглаж байсан. Харин энэ удаад хүнд хэрэгтэй, хүн уншихаар юм хийе гэж бодоод энэхүү блогийг хоёр сайт дээр нээсэн юм, нэг нь gogo.mn дээр, нөгөөх нь www.amerikiinmongol.blogspot.com. Энэ хугацаанд монгол сайт дээр нээсэн блогийн маань нийт хандалт 3272, харин блоггер дээрх хандалт 700-800 орчим хандалт ирсэн нь надад үргэлжлүүлж бичих их том сэдэл болж байлаа.

Нэг талаас энэ нь их том урам зориг болж байгаа ч, нөгөө талаас бичлэгээ чанартай, сонирхолтой байлгахыг хичээхийн хэрээр их цаг авдаг зүйл мэт санагдсан. Тиймээс олон жил блогоо тогтвортой хөтөлж байгаа хүмүүсийг хүндэтгэн ёслож байгаагаа бас энэ дашрамд бас илэрхийлье. Бичих бас хүнтэй юмаа хуваалцах гоё ч бас “such joy and pleasure come with its own price” гэдгийг илүүтэй ойлголоо доо.

Анх блогоо нээхдээ юу бичих, ямар зорилгоор нээж байгаагаа бол огт бодоогүй, эхний хоёр бичлэгээ оруулахад ганц хоёр цагийн л ажил болсон байх. Харин нээгээд хэсэг бичсэний дараа бол үүнийгээ эргэж харахад зорилго чиглэл маань гараад ирж байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ блогийн зорилго бол бусдад туслах, хэрэгтэй мэдээлэл өгөх, урам зориг өгөх. Нэг талаар чиглэл маань гарч байгаа нь сайн ч, бас нөгөө талаар блог маань их хайрцаглагдсан юм шиг мэдрэмж төрснийг нуух юун. Өөрөөр хэлбэл, би заавал хүнд хэрэгтэй юм хэлэх ёстой гэсэн мэдрэмж, бас бусдын хүлээлтийг төрүүлчихсэн юм шиг. Ингэснээр би юу бодсоноо, хүссэнээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө хязгаарлачихаж байгаа юм шиг санагдсан. Би үнэндээ тийм хүлээсэнд ормооргүй байгаа юм л даа. Та энэ тал дээр юу бодож байгаагаа зөвлөж хайрлавал их баярлахаар байна даа.

Яг үнэндээ хүмүүс миний блог руу их ордог ч сэтгэгдэл бага үлдээдэг юм шиг санагдсан. Хүнд хэрэгтэй юм бичье гэж зорьж байгаа болохоор бусдад хэр зэрэг тус болж байгаа эсвэл үгүй тал дээр сонсвол тун хэрэгтэй байна даа. Үнэндээ хайран цагаа зориулж байгаа зүйл маань бусдад тийм ч хэрэгтэй эсвэл тустай биш байгаа бол үүнийг үргэлжлүүлэх нь бас илүүц гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Ийм учраас хэрэв та миний блогийг уншдаг бол би яагаад энэ блогийг үргэлжлүүлэх ёстой тал дээр өөрийн саналаа үлдээнэ үү. Та бүхний хариулт, зөвлөгөө энэ блогийг цаашид үргэлжлэх эсэхэд тун ч их үүрэг гүйцэтгэх болно.

Хүндэтгэсэн,

Америкийн Монгол